Нэгдсэн улсын Тээврийн aюулгүй бaйдлын үндэсний хороо Коби Брaйант, түүний охин болон бусад долоон хүний амийг авсан осол нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас болсон гэж мэдээлжээ.
Тухайн нислэг нь Холбооны нисэхийн удирдах газраас тогтоосон нисэх үеийн хэм хэмжээг илт зөрчиж, нислэгийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаагүй гэдгийг ажлын хэсгээс олж тогтоожээ. Aжлын хэсгийн дүгнэлтээр Коби Брайантын нисдэг тэрэг нь нислэгийн хамгийн чухал систем болох TAWS буюу газар ойртолтыг анхааруулах системээр тоноглогдоогүй байсан аж. Энэ нь ослын газраас олдсон нисдэг тэрэгний эвдэрхий хэсгүүд болон бусад эд мөрийн баримтаар нотлогдож байгаа юм.
Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо 2006 оны гуравдугаар сард АНУ-д бүртгэлтэй турбинт хөдөлгүүрт нисдэг тэрэг газар ойртолтыг анхааруулах системтэй байх ёстой гэсэн стандарт баталж байжээ.
Осол болсон тухайн цаг үед нисдэг тэрэгний нисгэгч Зобаяан цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Лос Анжелес хотын нислэгийн удирдах газраас нам дор нисэх зөвшөөрөл хүсэж хэд, хэдэн удаа холбогдсон байна. Нисдэг тэрэг үүлний давхаргатай тулж улмаар хяналтаа алдсан тул зүүн тал руугаа эргэж, 12 минутын турш эргэлдсэн байна. Нисдэг тэрэг хэтэрхий доогуур нисэж байсан учраас толгод мөргөсөн байж болзошгүй аж. Урьдчилсан дүгнэлтээр хэдийгээр нислэгийн үеийн хэд хэдэн стандарт, дүрэм зөрчсөн ч 100 хувь нисгэгчийн буруу гэж дүгнэх учир дутагдалтай юм байна. Учир нь, нислэгийн үеийн нөхцөл байдал, осол болсон шалтгаан, урьдач нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг тогтооход нэг сараас илүү хугацаа шаардлагатай.
Дээрх бүх дүгнэлтийг гаргахад дор хаяж жил хагасын хугацаа шаардагдана гэж Тээврийн аюулгүй байдлын үндэсний хорооноос мэдээлжээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Коби Брайантын эзэмшлийн Сикорский С-76Б загварын нисдэг тэрэг осолдох хүртлээ 1250 цагийн нислэг үйлдсэн байжээ. Мөн түүнчлэн нислэгийн ерөнхий нисгэгч Ара Зoбаяан нь 10 жилийн туршид найман мянган цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч бaйнa.