Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.10.07) Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, Дэлхийн өв – Орхоны хөндийд Хархорум хотыг байгуулах хүрээнд хэрэгжүүлж буй эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хамт тус суманд бүтээн байгуулагдаж буй сэргээгдэх эрчим хүчний анхны аукционы таван төслийн нэг болох “Монхорус Фьючер Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийн талбайд ажиллалаа.

“Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг бий болгох анхны таван төслүүд аукционыг богино хугацаанд шалгаруулж, гэрээлж, гүйцэтгэж, бүтээн байгуулахаас гадна эрчим хүчний үнэ тарифыг бууруулж болдгийг Монголд төдийгүй олон улсад нотлон харуулж байна” хэмээн салбарын сайд Б.Найдалаа онцлон дурдаж, төслийн багт талархал илэрхийллээ.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 50 МВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станц, 30 МВт / 100 МВт.цагийн батарей хуримтлуурын системийн төсөл мөн 110 кВ-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил бүрэн гүйцэтгэгдэж, нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын үндсэн тоног төхөөрөмж, угсралт, инженерийн дэд бүтцийн ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 39.9 сая ам.доллар бөгөөд уг санхүүжилтийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр хувийн хэвшлүүд өөрсдөө бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Салбартаа 26 жилийн туршлагатай тус компанийн хувьд өрсөлдөөнт аукционд 5.75 ам.цент/кВт.цаг үнэ өгч ялсан бөгөөд төслийн нийт гүйцэтгэл одоогоор 41.4 хувьтай үргэлжилж, энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ингэснээр 2026–2027 оны өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 13 аймаг, сумдад шаардлагатай чадлын дэмжлэг үзүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс шалтгаалан үүсэх чадлын дутагдлыг тодорхой хэмжээнд нөхөх боломж бүрдэх юм.
Түүнчлэн нарны цахилгаан станцыг батарей хуримтлуурын системтэй хослуулснаар өдрийн цагаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, системийн ачаалал нэмэгдэх оргил цагуудад сүлжээнд нийлүүлэх замаар ачааллын хэлбэлзлийг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийн хүрэлцээ, уян хатан байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.










































