Дэлхий даяар цар тахлын дараах өшөө авалтын зарцуулалт үргэлжилсээр байна. Саяхны нэгэн тайланд дурдсанаар америкчуудын 38 хувь нь аялах, гадуур хооллох, үзвэр үзэх зэрэг зүйлд илүү их мөнгө зарцуулах, өр тавихад бэлэн байна. Хүмүүсийн дунд гадуур гарч зугаацаж, цэнгэх эрэлт хэрэгцээ урьд урьдынхаас их байгааг эдийн засгийн шинжээч Тед Россман хэлжээ.
Энэ нь цар тахлын үеэр эрчимжсэн “та ганц л амьдарна” гэсэн сэтгэлгээг илэрхийлэх аж.
Тэгвэл дэлхийн хоёр дахь том эдийн засаг буюу Хятад улсад өшөө авалтын хуримтлал гэдэг зүйл трэнд болж байна. Хятад залуус гэнэтийн худалдан авалтад мөнгөө үрэхийн оронд асар ихээр хэмнэж байна. Залуучууд сар бүрийн хуримтлалын зорилго тавих нь ихэсчээ. Тэд мөнгөө хэмнэхийн тулд ахмадуудад зориулсан нийтийн хоолны газруудаар хооллох зэрэг сонголт хийдэг.
Хятадын зах зээлийн судалгааны группийн гүйцэтгэх захирал Шон Рэйн хэлэхдээ “Хятад залууст өшөө авалтын хуримтлал үүсгэх сэтгэлгээ байдаг. 2010-аад оны үед залуус үнэтэй брэнд худалдаж авахын тулд мөнгө зээлдэг байсан. Харин одоо тэд илүү их хэмнэж эхэлсэн” гэв.
Хятад залуус хэрэглээгээ танаж буйг илтгэх “урвуу хэрэглээ”, “харамч эдийн засаг” зэрэг үгс ч гарчээ. “Урвуу хэрэглээ” гэдэг нь зардлаа багасгахын тулд ухамсартай сонголт хийхийг хэлнэ. Харин “харамч эдийн засаг” гэдэг нь худалдан авалт хийхдээ аль болох хөнгөлөлт, хямдралыг эрэлхийлэхийг хэлнэ.
Хятадын Ардын банкны саяхан гаргасан тайланд дурдсанаар, 2024 оны эхний улиралд өрхийн нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өссөн байна.
Эх сурвалж: CNBC