Өчигдөр орой нэгдүгээр эмнэлэгт амаржсан эхээс коронавирус илэрсэн тул түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Хүйтэнд гэрийн шаахай, халаттай нь, ам хамрыг нь дэрээр халхлан машинд суулгаж буй дүрс цахимд тархаж, иргэдийг ихээхэн бухимдуулав. Улмаар уг бичлэг зураг сошиал орчинд тархаж өнөө өглөөнөөс эхлэж иргэд Сүхбаатарын талбайд цуглаж эсэргүүцлээ илэрхийлж УОК, ЭМЯ-ын сайд Т.Мөнхсайханыг огцруулахыг шаардсан юм.
Цугласан иргэд “УОК огцор” гэсэн бичиг барьцгаасан байв. Цагдаа нар иргэдийн барьсан уриа лоозонг урж, “Та нарын зорилгыг мэдэж байна” гэсэн нь маргаан дэгдээв. Энхсаран сувилалд өнгөрсөн арваннэгдүгээр сард халдвар анх тархсан, 22-ын товчоонд нэг иргэн нас барсан, гадаад дахь Монголчууд хилийн цаана гацсан зэрэгт иргэд УОК-ыг буруутгаж, одоо хариуцлага хүлээх цаг болсон хэмээж байлаа.
Уг жагсаал ч үр дүнд хүрч УОК-ын дарга Я.Содбаатар болон ЭМЯ-ын сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдөлөө ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөнөөр уг жагсаалд ирсэн хүмүүс бутарч эхлэж байна.
Ковидтой гээд эмнэлэг дамжин “хөөгдсөн” ч аль хэдийнэ үгүй болоод байсан ХҮНИЙ ЭРХ, ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ нийгмийг тунхаглан ХАРИУЦЛАГА үүрүүлсэн мундаг ХҮҮ төржээ…
Тэгвэл эх, хүү хоёрыг нэгдүгээр төрөх эмнэлэгээс авч явсан ХӨСҮТ-ийн эмч уг үйлдэлдээ тайлбар хийж нийт ард түмнээс уучлал хүсэв.








































