Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбатыг хууль бусаар баривчилсан, ял оноосон гэдэг зүйлийг МАН-ын удирдлагууд хүчтэй тавьж эхэлсэн байх юм. Олон нийтэд Ж.Эрдэнэбат дүү нартаа ашигт малтмалын лиценз олгосон, тэр лицензээ бусдад өндөр үнээр зарсан гэх асуудал бий. Бүр нарийвчилвал Тост Тосон бумбын хамгаалалтын талбайг нэмэгдүүлэхээр хураасан ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг дүү Эрдэнэтөгстөө өгч 10 тэрбум төгрөгөөр бусдад дамлан зарсан гэх мэдээлэл ил болсон.
Гэтэл Ж.Эрдэнэбатыг улс төрийн захиалгаар буруу шүүсэн, хэлмэгдүүлсэн гэдгийг МАН-ын удирдлагууд яриад эхэлсэн нь гайхалтай. Тэгэхээр түүнийг захиалгаар шүүсэн, цагдан хорьсон гэгдэх анхан болон давж заалдах шатны шүүгч нар буруутах уу. Ж.Эрдэнэбатыг буруугүй гэж үзвэл нөхөн олговор өгөх ажил давхар хийгдэх биз ээ.
Хамгийн сонирхолтой нь тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд түтгэлзүүлэх, огцруулах үйл ажиллагаа явагдаагүй юм. Тэгэхээр Ж.Эрдэнэбат тангараг өргөөгүй ч УИХ-ын гишүүн гэж үзэх боломжтойгоос гадна Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөл шоронд байгаа билээ. УИХ-ын сонгуулийн үеэр түүнийг өмөөрөх, Сэлэнгийн төлөөлөлд санаа тавих улс төрийн хүчин байгаагүй. Харин цааш нь түлхээд оронд нь УИХ-д дэвшчих санаатай “дарваан харууд” гэмт хэрэгтэн дэвшлээ, шоронгоос чуулганд оролцох уу гэж бичиж байсан гэдгийг санаж байна.
МАН гэнэт Ж.Эрдэнэбатад санаа зовниж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагдах нөхөн сонгуультай холбоотой юм. Ерөнхийдөө ард иргэдээсээ айж байна, ялагдах болов уу гэсэн болгоомжлол байгаа учраас Ж.Эрдэнэбатын ам өчгийг аваад ахиад УИХ-д суулгах нь дээ. Түүнээс биш Ж.Эрдэнэбат МАН-д хэрэггүй бөгөөд 60 тэрбумын схем, МАНАН бүлэглэлийн төлөөлөл гэж өөрсдөө ярьдаг.