Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх Б.Дугархүүг хөрөнгө завшсан үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тэрбээр “Ай ёо доктор” ХХК-ийг 2018 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулсан байдаг.
Opendata мэдээллийн сангаас шүүж үзэхэд уг компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн бөгөөд оролцсон тендер алга.
Тэгвэл Өнөөдөр сонингийн өнөөдрийн дугаарт “Б.Дугархүү уг компаниараа дамжуулж Эрүүл мэндийг дэмжих сантай 2022 оны гуравдугаар сард эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ уг гэрээг дүгнэсэн акт үйлдэлгүйгээр “Ай ёо брэнд” ХХК нь ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байхад нь 278 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь аудитын байгууллагын дүгнэлтээр ил болсон. Мөн авсан мөнгөөрөө автомашин, 9911-тэй дугаар худалдан авсан байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгаж байна” гэжээ.
Түүний хувьд 2021 оны 11 сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр эмчээр ажиллаж эхэлсэн.