Нийгмээ хамгаалж, хүн ардынхаа хөдөлмөрлөх эрхийг нь хангах хэмжээний бодлого боловсруулан ажиллаж чадаагүй НХХЯ, сайдтайгаа хамтран ард түмнээ доромжилж байна. Хуулийг чанд мөрдөх хэрэгтэй. Хэрэв засаг хуулийг үл чанд мөрдвөөс төрийн хэрэг ганхаж, мөхнө гэж Чингис хаан сургасан байдаг. Төрийн сайд хүн Д.Сарангэрэл бүр үндсэн хууль зөрчиж, ялгаварлан гадуурхалт бий болгох хариуцлагагүй мэдэгдлийг өнөөдөр хийлээ.
Тэрбээр “Халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бид хэд хэдэн ажлыг төлөвлөж байна. Чамлалттай сонсогдож магадгүй ч эхний ээлжинд 1520 өрхийг ядуурлаас гаргана. Манай яамныхан энийгээ “улны айлууд” гэж нэрлэдэг юм байна.
Өөрөөр хэлбэл үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больчихсон, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд л байгаа. Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш. Ядуу гэдгээрээ явах нь л зөв байх л даа. Би тэгж бодоод байгаа юм. Зорилтот бүлгийн хүн гэхээр хүн хэр ойлгох юм байгаа юм.
Ингээд нэгдүгээр ажил маань нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг, ядуурлын түвшингөөс доогуур орлоготой 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гаргах том зорилго тавьж байгаа. Ер нь ингээд зоригтой энэ алхам руу орохгүй бол болохгүй. Манай яамныхны хэлдэг улны буюу ядуурлын түвшингөөс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ” хэмээв.
Улны айл гэдэг бол агуулгаар нь бодоод үзсэн ч гэсэн арай л дорд үг санагдах юм. Хүмүүсийг амьжиргааны түвшнээр нь “Улны айл” гэж хэлдэг хэмээн сайддаа зааж өгөөд сууж байгаа яамны мэргэжилтнүүд ч гэсэн энэ яаманд яагаад ч ажиллаж болохооргүй ёс суртахууны доройтолд орсон нэгэн байж болох юм. Ядуу байж болно, амьжиргааны түвшин ч доогуур байж болно. Гэхдээ тэдгээр хүмүүсийг ингээд хочилж ирээд ангилан ялгах нь төрийн хийх ёстой ажил гэж үү!?
Ийм увайгүй, ялгаварлан гадуурхалт бий болгосон, олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн үгийг хэн гаргаж, ирээд тухайн яаманд нутагшуулчихсан юм бол?
Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.
Гэвч энэхүү зүйл заалтыг төрийн сайд нь, толгойлж буй яамныхан нь зөрчөөд байж байх ч гэж…!
Үндсэн хуулийн 38.2-т “Засгийн газар төрийн хуулийг биелүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын сэнтийд “залраад” удаагүй байгаа Д.Сарангэрэл ард түмнийгээ амьжиргааны түвшнээр нь ялгавар.лан ангилж, “Улны айл” хэмээн нэрлэж, түүнийгээ олон түмэнд зарлаад, бахархалтайгаар мэдэгдэж байгаа нь “гу.там.шиг”.
Яамныхан нь ингэж хэлдэг байлаа ч сайд нь нэршлийг нь өөрчлүүлэх байсан юм. Ер нь бол түүний энэхүү үйлдэл нь Д.Сарангэрэл гэдэг хүний харилцаа хандлагыг илэрхийлж, төрийн сайд хийхэд тэнцэхгүй нэгэн гэдгийг харуулж байна.
Өнөөдөр нийгэмд баян ядуугийн ялгаа үүсч, амьжиргааны түвшин доогуур, ядуу өрх олноор бий болсон байлаа ч гэсэн сайд хүн ийм увай.гүй хэллэгийг олон түмэнд зарлаж, хоногшуулах шаардлага байхгүй.
Б.ИРЭЭДҮЙ