МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан.
Гэвч эл үйлдэлдээ гэмшихгүй цахим хуудаст инстаграмм дагагчийнх нь тоо нэмэгдэж буйд баярлаж, бүжиглэж буй бичлэгээ нийтэлсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Улмаар хуульчаар бэлтгэгдэн сурч буй оюутан ёсзүйн доголдолтой байна гэж иргэд бухимдан МУИС-ийн захиргааг Б.Ариунзаяаг сургуулиас хөөнө үү хэмээн шаардсан.
МУИС-ийн 1800 гаруй оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр гарын үсэг цуглуулаад байсан юм. Тэгвэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх захирлын шийдвэр гарчээ.
Энэ асуудалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагууд энэ сарын 3-нд хуралдаж, түүнийг хүнлэг бус үйлдэл гаргасан хэмээн сургуулиас хасах шийдвэр гаргасан юм. Тэдний саналд үндэслэн МУИС-ийн удирдлагууд эцсийн шийдвэрээ гаргаж, Б.Ариунзаяаг сургуулиас хасахаар шийдвэрлэжээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл :”МУИС-ийн дүрэм гэж бий. Энэ дүрэмд суралцагч нь ёсзүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэсэн байдаг. Энэ заалт зөрчигдсөн. Мөн хүмүүний эелдэг харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Ийм алдаа дутагдал гаргаж байгаа оюутанд эрхзүйчийн диплом өгөх итгэл үгүй. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан” гэсэн юм.