Улсын oнцгoй комисс шинэ коронавирустэй холбоотой асуудлаар хурaлдлaa. Хурaлдaaны эхэнд боомтуудад ажилласан ажлын хэсгийн мэдээллийг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга Г.Ариунбуян өгсөн юм. 2020 оны нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор 3115, төмөр замын боомтоор 2400, нийтдээ 5515 зорчиг чнэвтэрсэн байна. Вирусийн дэгдэлттэй холбоотой Эрээн хотод иргэдийн бөөгнөрөл үүссэн тул хоёр улсын консулын газрын байгууллагууд хамтраад 5 өдрийн өдөр 29 автобусаар 1780 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Вирустэй холбоотойгоор Замын-Үүд боомтод тодорхой асуудлууд тулгарч байна. Тэнд ажиллаж буй албан хаагчид уртасгасан цагаар ажилласан учраас маш их ядарч байгаа. Мөн нөхөн олговор олгох асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Түр тусгаарлах байрыг бэлдсэн. Үүнийг ашиглалтад оруулах зардлыг шийдэх хэрэгтэй байна. Боомт дээрх ариутгал, халдваргүйтлийн бодис авах зардлыг мөн шийдэх хэрэгтэй. Одоогоор 3-4 хоногийн нөөцтэй байна гэдгийг мэдээлсэн юм. Харин ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “4.1 тэрбум төгрөгөөр эм тариа, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл авахаар болсон. Хоёрдугаар сарын 15 гэхэд бүх эмнэлгийн хэрэгсэл, эм тариагаа худалдаж авна. Бид БХ-ын сайд Н.Энхболдтой ярилцсан. Хэрвээ халдвар гарсан нөхцөлд Цэргийн госпиталыг ашиглахаар аман байдлаар тохиролцсон. Хувийн эмнэлэг болоод ХӨСҮТ-ийг ч ашиглана. Эхний ээлжинд 800 орыг бэлтгэчихээд байна. Хэрэв халдвар гарч, нэн шаардлагатай ажиллаж шаардлага гарвал эрүүл мэндийн салбар бэлтгэлээ үндсэндээ хангасан.
Эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байнга өгч байна. Эцэст нь нэг зүйл хэлэхэд, амны хаалттай холбоотой асуудал. Амны хаалтыг хувийн байгууллагууд хийж байгаа. Бид тендер зарлаад, хувийн байгууллагаас маск авч байна. Маск дэлхийн хэмжээнд ховордсон. Одоо бид төсвийн хөрөнгө оруулалт болон ДЭМБ-ын санхүүжилтээр эмч, эмнэлгийн ажилтнуудаа хангаж байна. Харин иргэдийгээ маск зүү гэж зөвлөчихөөд, зүүх амны хаалт нь байхгүй байвал хэцүү. Тиймээс Улсын онцгой комиссоос энэ талаар санал гаргаж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байна.
Би цагаан сар хийх эсэхийг шийдэх эрх мэдэлтэй хүн биш. Гэхдээ амралтын өдрөөр хувь хүний үүднээс цахим ертөнцөөр саналаа илэрхийлсэн. Цагаан сарыг тэмдэглэхгүй байх талаар. Иргэдийн 80 гаруй хувь нь дэмжсэн. Тиймээс Улсын онцгой комиссоор энэ асуудлыг ярьж, шийдвэр гаргах түвшиндээ нэг шийдэлд хүрээд, нэг талдаа гарах хэрэгтэй байна. Хятадууд цагаан сар тэмдэглэснээс болж халдвар хурдтай тархсан гэдгийг тогтоочихлоо шүү дээ” хэмээлээ.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн хүний тоо, нас барагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Сая хилийн боомтуудад ажилласан ажлын хэсгээс санал гаргаж байна. Амйгуудын онцгой комиссоос ч санал гаргаж, нүүрсний экспорт хийж байгаа боомтуудын үйл ажиллагааг 3 сарын 2-ны өдөр хүртэл зогсоох асуудал. Мөн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл санал гаргаж, цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг хөндөж байна. ҮАБЗ-тэй урьдчилсан байдлаар ярилцсан. Онцгой комиссын хуралдаанаараа шийд гэсэн”хэмээлээ.
Түүний дараа Улсын онцгой комиссын гишүүд санал хэлсэн юм. Хамгийн гол гаргаж байгаа санал нь амны хаалтыг дотооддоо стандартынх нь дагуу үйлдвэрлэх хэрэгтэйг сануулсан. Гадаадаас амны хаалт авах ямар ч боломжгүй болсон учраас дотооддоо, аймаг, орон нутагтаа хувийн хэвшлийнхнээр оюулж, худалдаж авах хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэх хэрэгтэйг ч сануулав.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Одоогоор Монголд халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ халдвар их ойрхон ирээд байна гэдгийг ЭМ-ийн сайд ч хэллээ. Хэрвээ манайд халдварт өвчин дэгдвэл эхний ээлжинд ХӨСҮТ-д өвчтөнөө хэвтүүлэх. Цаашлаад Жаргалантын аманд байгаа Онцгой байдлын сувиллыг ашиглах. Бүр болохгүй бол Цэргийн төв эмнэлгийг ашиглана гэсэн дараалал тогтоож, бэлтгэлээ хангах хэрэгтэй байна” хэмээлээ. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Монголд вирусийн халдвар илрэхгүй байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсантай холбоотой. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хурал, цуглааныг хорьсон шүү дээ. Миний нэг байр суурь бол цагаан сарыг шуудхан хориглох хэрэгтэй байна. Ийм шийдвэр гаргаасай гэж бодож байна” хэмээлээ.
Харин ЗТХ-ийн дэд сайд “Маск экспортлохгүй байх шийдвэр гаргаад өгөөч ээ. Нийтдээ 1970 кг амны хаалт экспортод гарлаа гэсэн мэдээллийг төмөр замынхан өгсөн. Тиймээс шалгаад, хориглох хэрэгтэй байна. Мөн Хятадаас импортолж байгаа ачааны гадаргууг ариутгах ажлыг сайн хийхгүй бол болохгүй байна аа. Гуравдугаарт, сайд нарын гаргаад байгаа цагаан сарыг хориглох саналыг дэмжиж байна. Монголын ард түмэн нэг удаадаа цагаан сар тэмдэглэхгүй байхыг дэмжиж, ойлгоно доо. Тиймээс шийдвэрээ хурдан гаргачихмаар байна. Амралтын өдрүүдээр хүмүүстэй уулзахад, Засгийн шийдвэрийг хүлээж байна л гэсэн. Дөрөвдүгээрт, иргэд амны хаалт зүүх нь ховордчихож. Амны хаалт олдохгүй байж болох юм. Нөгөө талаар иргэд тайвшраад байгаа юм биш биз. Цаг агаар дулаарах тусам амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй шүү” хэмээв.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Үндсэн хуульд Монгол Улсын иргэний журамт үүрэг нь эрүүл мэндээ хамгаалах гэж заасан. Тиймээс амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй байна аа, иргэд. Хоёрдугаарт, сайжруулсан түлшний асуудал байна. Барьцалдуулагч нь дуусч байгаа, Хятадаас оруулж ирэхэд хэцүү гээд байх юм. Болохгүй бол бид ОХУ-аас авчихна. Үнэ нь бага зэрэг өндөр л байх болов уу. Түүнээс биш түлшний хомсдолд орох гээд байгаа юм байхгүй шүү” хэмээлээ.
Улсын онцгой комиссын гишүүд санал хэлсний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин шийдвэр танилцууллаа. Шийдвэрийн өмнө тэрбээр сайдуудын ирцийн талаар санууллаа. Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй хүмүүс алга байгаа гэдгийг хэлж, хариуцлага тооцно шүү гэдгийг санууллаа. Улмаар “Эрүүл мэндийн сайдаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг оруулж ирлээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нэг удаа цагаан сарыг хориглох нь зүйтэй гэж үзэж байх шиг байна. Санал хэлсэн гишүүд ч дэмжлээ. Хятад улс хөдөлгөөнөө барьж чадаагүй учраас өвчний дэгдэлтийг алдчихлаа гэж үзэж байгаа юм. Тиймээс шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг албан тушаалтнуудад тавьж, шийдвэрлүүлье гэж бодож байна. Ерөнхийлөгч зарлиг гаргаж таарах байх. Хөдөөг гадаа явж, бөөн бөөнөөрөө золгох асуудлыг хязгаарлах шийдвэр гаргаж байна” хэмээлээ.
Гашуунсухайт, Ганцмод, Шивээхүрэн боомтоор нүүрс гаргаж буй тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргаж, ЗТХ-ын сайд Л.Энх-Амгалан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт даалгалаа. ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу амны хаалт оёж, нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг БХ-ын сайд Н.Энхболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт даалгав.