Өнгөрсөн долоо хоногийн турш Монголын улс төрийн хамгийн халуун сэдэв бидон Ганбат байлаа. Энд ч Ганбаа, тэнд ч Ганбаа, энэ хэдэн өдөр бүхэлдээ Бидон Ганбат биткойны өсөлтөөс ч илүү сенсаци тарьж чадсан гэвэл чадсан.
Бидон хочит, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ганбат “Засгийн газрыг огцруулах гарын үсэг зуруулж байна, манай намын зарим гишүүн гарын үсэг зураагүй, Засгийн газрыг огцруулахын эсрэг байна” гэх яриа, мэссэжийг нэг хэсэг сэвүүлэв. Муу л юм болохоор хойд захын хар овоохой гэгчээр Женко Баттулгын гэгдэх Туваан тэргүүтэй хэдэн гишүүнрүү АН-ынхан төдийгүй, МАН-ын хоолонд орох дараагийн ээлжийнхэн хэсэг дайрав.
Ганбат ч дүрдээ орж, энд тэнд очиж их хурлын гишүүний сүрийг үзүүлж, хүн загнаж, хаана л эсэргүүцлийн жагсаал, цуглаан болно тэнд оччихсон хүний эрхийг хамгаалагчийн дүрдээ ороод хэд хонов. Өмнө нь хүний эрхийн зөрчил өчнөөн гарч байхад сөрөг хүчин АН-ын бүлгийн дарга яагаад дуугүй байсныг гайхаад баршгүй, эсвэл одоо л хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч болсон уу бүү мэд.
Гэтэл даваа гарагийн АН-ын бүлгийн хурлаар түүнийг бүлгийн даргын ажлаас нь огцруулж орхих нь тэр. Шалтгаан нь нөхөр Ганбат Засаг огцруулах гарын үсэг зуруулах санаачлага гаргасан нь үнэн, гэхдээ уг санаа нь Засгийн газарт шантааж хийх байдлаар хамтарсан Засгийн газар байгуулах, улмаар 3 сайдын суудал авах тохироог МАН-ын эрх бүхий дээд удирдлагуудтай ярьж байгаа тухай бүлгийнхэндээ удаа дараа хэлсэн, бүлгийн гишүүдээрээ гарын үсэг зуруулж наймаалцах оролдлого хийсэн нь бүлгийн даргаас огцруулах үндэслэл болсон байна.
Мань эрийн Засаг огцруулах санаа нь ийм учиртай байсныг бүлгийн нөхөд нь тэсэлгүй хэлж, Ганбат ч өөрөө тэгсээн, ковидын үед АН, МАН 2 хамтраад, хүчээ нэгтгээд ажиллах ёстой гээд өөрийнхөө далд санааг батлаад, өчигөө өгчихөв. Тэгвэл Ганбатын бэлдсэн 3 сайд хэн байв гэх үгс АН, МАН-ынхан дотор төдийгүй улс төрчид дунд яригдаад эхэлж.
Мань эр сайдаар бэлдсэн хүмүүсээ АН-ын бүлэгт зөвлөхөөр аваад эхэллээ гэх яриа ордноор яригдаж байгаа сурагтай. Тухайлбал, жилийн өмнө л өөрийг нь газар дор ортол муулж, матаж явсан, харин өнөөдөр шударгын дүрд тоглоод буй АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогдсон Д.Мөнх-эрдэнийг сайд болгох тохироо хийсэн гэх.
Мөн засагт байгаа аль нэг эмэгтэй сайдыг огцруулж, Ц.Оюундарийг сайд болгох талаар ярилцсан бололтой.
Гуравдахь сайд нь бүр сонирхолтой. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж ялагдаж өгсөний шагнал нь ч юм уу, бидон Ганбаагаар халхавч хийсэн тохирооны эзэн нь ч юм уу бүү мэд, нөгөө гайхал С.Эрдэнэ гээд боддоо.
Тэрээр Ганбатын санаачилж, хүсээд буй хамтарсан Засгийн газарт тэргүүн шадар сайдын албанд очихоор яриа үүсгэсэн сураг байна. Ганбатын засаг огцруулах тохирооны ард ийм 3 сайд мэндлэхээр ярилцсан тухай мэдээлэл учир мэдэх хүмүүс дунд хөвж явна.








































