Коронавирусээр өвчилж Нийслэлийн Өргөө амаржих газарт эмчлүүлж байсан эмэгтэйд тариаг нь андуурч хийснээс болж амиа алдсан гэх мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Энэ асуудлыг хөндлөө.
Талийгаач иргэн Б, 45 настай, 3-19 насны дөрвөн хүүхэдтэй, багш мэргэжилтэй. Энэ сарын 17-ны өдөр коронавирусээр өвчилсөн болох нь батлагдсан. Онлайнаар хичээл зааж байхдаа ухаан алдсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Улмаар Нийслэлийн Өргөө амаржих газрын ковидын эрчимт эмчилгээний тасагт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхдаа нас барсан.

ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Билгүүн “Нэгдүгээр төрөх эмнэлгийн ковидын эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан хүн нас барсан гэх дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 30 минутад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хүлээн авч, холбогдох шалгалтын ажиллагааг хийж байгаа. Амь хохирогч энэ сарын 17-нд халдвар авсан болох нь оношлогдож тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэв.
Талийгаачийн нас барсан цаг өглөөний 5 цаг, харин цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл орой бүртгэгдсэн байгаа нь анхаарал татаж байна. Талийгаачид зүрхний хэм нэмэгдүүлэх тариа хийх ёстой байсан ч ойролцоо нэртэй буруу тариаг хийсэн нь үхэлд хүргэсэн гэж эх сурвалж хэлж байгаа юм.
Энэ хэрэг дээр эмнэлгийн удирдлагуудын зүгээс тодорхой мэдээлэл авахаар очсон. Одоогоор албаныхны хэлж байгаагаар Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэж мэдээлэл өгнө. Наана нь ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Нийслэлийн Өргөө амаржих газрын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Анужин “Тариа андуурагдсан эсэхэд одоогоор мэдээлэл алга. Ар гэрийн буруу ойлголцол байгаа байх. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Талийгаачийн ажиллаж байсан сургууль дээр очиход коронавирусээс үүдэн хичээл онлайнаар орж байгаа талаар хэлж байсан. Мөн болсон хэрэг явдалтай холбоотой ажилчдаас тодруулахад “Тариаг нь андуураад хийчихсэн гэх зүйл яригдсан. Эмнэлэг нь ч тэрийгээ хүлээн зөвшөөрсөн гэж сонссон” гэлээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Талийгаач Б-гийн нөхөр мөн хавар гуравдугаар сард нас барсан юм байна. Дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байна.








































