Эрх баригчид буюу МАН хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ган-Очирыг баривчилсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, түүнийг худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж байсан юм.
Түүнээс өчигдөр /2021.06.04/ мэдүүлэг авахад, худал мэдээлэл цацсан болохоо хүлээн зөвшөөрч, АН-аас 75 сая төгрөг авсан гэж мэдүүлжээ. Тодруулбал, М.Тулгатын АН-аас 75 сая төгрөг авч тухайн контентоо өөрөө бэлтгэсэн гэж хэлсэн байна. Тэрбээр ОХУ-д график дизайн чиглэлээр сурч байжээ. Баригдах үедээ С.Эрдэнийн Хандгайтад байрлах зуслангийн байрнаас нь олдсон.
Сануулахад, иргэн Г.Ган-Очир нь “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.
МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” хэмээн мэдээлж байсан юм. Иргэн Г.Ган-Очир нь өмнө нь хэрэгт холбогдож Зөрчлийн хэргээр торгуулж байсан гэх мэдээлэл байна.