С.Энхболд сайдыг “эрэн сурвалжилж” байна
Коронавирусын халдвар буурахгүй, тархалт нэмэгдсээр байна. Цаашид нэмэгдэнэ гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн. Гэтэл ХӨСҮТ болон эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг хийж, гол учгийг зангидах учиртай сайд С.Энхболд нь ТАГ. Ямар ч байсан Засгийн газрын хуралдаандаа бол сууж байгаа л юм гэнэ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Зургаадугаар сард Япон руу дахин явуулсан 160 сорьцын 38-ынх нь хариу ирсэн. Арван хувьд нь дельта вирус байгааг тогтоосон. Мөн альфа болон Монголд тархаж байгаа өвөрмөц хувилбар байна гэсэн мэдээ авсан.
Өдөр бүрийн тохиолдлын тоо их байх тусам дельта хувилбар хурдан тархах магадлалтай. Тохиолдлын тоог бага түвшинд бариад байвал дельта хувилбар тархах эрсдэл нь бага байна. Долоо хоногт 10 хувиар нэмэгдээд байгаа зүй тогтол харагдаж байна.
Орон нутгийн тухайд 10-50 хувьд нь дельта вирус илэрч байгаа. 50-иас дээш хувьд дельта илэрсэн аймгуудад үнэлгээ хийж үзэхэд ойрын хугацаанд аялал жуулчлал хурим найр, баяр наадам ихэссэнтэй холбоотой байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хувьд тогтвортой буурч байсан тохиолдлын тоо маань жигд болоод ирсэн. Энэ бол цаашдаа буурахгүй, ихсэх магадлалтай гэсэн дохио.
Буцаад өгсөх нь тодорхой болчихлоо. Бидний тооцоолж байгаагаар 9 дүгээр сарын дундуур хамгийн оргил үедээ орно. Магадгүй зургаадугаар сарын оргил үе шиг халдварын тоо өдөрт 2.500-3.000-д хүрч болзошгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болох уу, үгүй юү гэдэг нь иргэдийн цэвэр ухамсрын асуудал.” гэж ярьсан байна.
Нэгэнт энэ халдвар буурахгүй гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хүлээн зөвшөөрчхөөд байхад эрхэм сайдтан нүдэн балай, чихэн дүлий суусаар байх уу.
Уг нь өмнөх сайд нарынхаа алдааг давтахгүйн тулд халдвар нэмэгдсэн ч нас баралтаа нэмчихгүй, бэлтгэл ажлаа хангах ёстой биш гэж үү. Эсвэл нэгэнтээ намтартаа САЙД гэх албан тушаал бичилт болчихсон юм чинь гээд алга болчихов уу.
Угаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “хөдөлгөөн” орж, мань С.Энхболдыг үдэх нь тодорхой болчихсон. Гэлээ гээд явах хооронд элдэв асуудалд орохгүй гэсэн шиг энгийн иргэдийн эрүүл мэндээр хэтэрхий “наадаад” байгаа юм биш биз.
Эх сурвалж: Erennews.mn








































