Коронавирус бидний амьдралын орвонгоор нь өөрчлөөд хаячихлаа. Эргээд яаж хэвийн амьдралдаа орох вэ гэдэг асуудал иргэн бүрт тулгарлаа. Ковидын дараа яаж өглөө эрт босох вэ гэдгээс асуудал ундарна. Одоо бид шөнийн 03 хүртэл кино үзэж өглөөний 11 цагт сэрдэг болсон.
Хуучин цагт орой 18 цагаас хойш хоол иддэггүй байсан бол цар тахлаар далимдуулан шөнө дөл болтол цадтал иддэг болсон. Үүнийгээ дархлаагаа дэмжих нэрээр тарган мах чанаж идээд өдөржин шөнөжин унтдаг болсон байх юм. Мөн цахилгаан, дулааны төлбөр төлөхгүй болохоор сэтгэл амар цахилгаан, усаа хэрэглэдэг болсон байдаг.
Ирэх 7 сараас эхлэн цахилгааны төлбөрөө төлөөд эхэлнэ гэхээр айдас төрөх. Хөдөө орон нутагт 25 кг шуудай нүүрс 10,000 төгрөг хүрч байхад 1000 төгрөг хүрэхгүй сайжруулсан түлшээ чихээд сурчихсан байна шүү. Энэ мэт амьдралын хэмнэл алдагдаж унтсан, идсэн уусан байдлаасаа яаж гарна даа.
Бас сэтгэл гутрал явагдах байх шүү. Хүүхдийн хичээл сургууль, ааш муутай хороо хэсгийн дарга нартай хогны төлбөр ярина гэхээс нуруу хүйт даах юм. Төр засаг ч нүүрээ буруулж хүүхдийн мөнгө, цахилгааны төлбөрөө нэхээд эхэлнэ. Нууц амрагууд “Хүнийг дасгачихаад” гэж дарамтладаг шиг төр засаг үнэгүй зүйлд сургачихаад болино гэхээр мань мэтэд эвгүй л байна шүү.









































