Дулмаагийн Нямхүү бол Улаанбаатар хотын унаган хүүхэд агаад 1970-80 оны 40 мянгатын залуусын төлөөлөл юм. Тэр утгаараа 40,50 мянгатын атамануудын армид алба хаасан гэхэд хилсдэхгүй. Тийм этгээд овгор атаман яваагүй ч хэнтэй ч нударга зөрүүлэхээс сийхгүй буриад цустай хүүхэд явсан гэж үеийнхэн нь ярьдаг. Багаасаа боксын спортоор хичээллэж Улсын аваргаас мөнгөн медаль авч тамирчин болох бололцоо байсан ч удмаа даган Эрүүл мэндийн салбарыг сонгосон.
Эдний гэр бүлд олон эрдэмтэн, сэхээтнүүд байсан учраас Д.Нямхүү боксоо ч атаман ч болох замаасаа буцан анагаах ухааныг сонгосон. Түүний бахархан дуурайдаг, шүтдэг хүн бол Жамбалын Шагж хэмээх эрдэмтэн бий. Ээжийнх нь ах Ж.Шагж хэмээх ЗХУ-д сургууль дүүргэсэн, гоё ганган хээнцэр нэгэн дүү Нямхүүгээ дагуулж явдаг, ажил дээрээ байлгах дуртай нэгэн байсан юм билээ. Монгол Улсаас Профессор Ж.Шагж “Хүн ба амьтны гэдэсний бүдүүн хэсэгт дулааны энерги үүсэх үзэгдэл” нээлтээрээ дэлхийд танигдсан.
1990 оны дундуур Ж.Шагж усны судалгаа хийж “Мөнхийн ус” гэсэн нь сенсаци тарьж байсан юмдаг. Ерөнхийдөө усаар эрүүлжүүлж болно гэсэн онол гарган батлах явцад “Мөнхийн ус” гэсэн буруу ойлголт гарч мөнхрөх хүсэлтэй иргэд шавчихсан гэдэг. Тэр үед Ж.Шагж эрдэмтэн нэг нөхөр гуйгаад байхаар нь крантнаасаа ус өгчихсөн гээд хэрэг явдал явдал мандаж билээ. Д.Нямхүү Анагаах ухааны дээд сургууль төгсөөд Шагж ахынхаа лaбораторид дагалдан ажиллаж нэлээдгүй зүйл сурсан байх.
Доктор Шагжийн тухайд нэмээд хэлэхэд Монгол Улсаас анх удаа дэлхийд бүдүүн гэдэсний нээлт хийсэн эрдэмтэн бөгөөд 1990 оны эхээр буруутгал, хэлмэгдүүлэлт түүнийг тойроогүй. Усыг ионжуулсан, эрдэсжүүлсэн судалгааны ажлыг “Мөнхийн ус” хэмээн гоочилж, хэл амаар доромжилж буурал эрдэмтэнг их гомдоосон. Тэр үед Д.Нямхүү ахынхаа хавьцаа гүйж атаманууд “Мөнхийн уснаас нь гаргаад ир” гэхэд варианы шилэнд хийгээд ирэх 40 мянгат сэтгэлгээтэй нөхөр байсан болов уу гэж боддог.
Д.Нямхүүгийн хувьд багаасаа сэргэлэн, авхаалжтай хүүхэд байсан нь удамшилтай холбоотой юм. Тэдний удмын хүүхнүүд царайлаг болдог, эрэгтэйчүүд нь эрдэмтэн болсон нь цус холдсон 1917 оны хувьсгалын дараагаар Сүх голоор орж ирэн Сэлэнгийн Хүдэр, Ерөө хавьд нутагласан буриадуудын удам болохоор тэр байж болох юм.
Тийм гэнэндүү романтик байдал тэдний талынханд ажиглагддаг бөгөөд “Халадаа тайлаад хээр гарч зодолдъя” гэсэн Д.Нямхүүгээс гарах үг боломжтой юм. Тэр багаасаа Туул гарч хүүхдүүдтэй зодолчихоод найз болоод ирсэнтэйгээ одоо хүртэл найзлан хэлхэлдэж явдаг. Хүнийг хөгшин залуу, баян хоосон гэж ялгадаггүй сайхан нөхөрлөдөг зан чанар түүнд бий. Төсөөлөн бодох, мөрөөдөмтгий байдал Д.Нямхүүд одоо хүртэл ажиглагддаг нь сонин.