“Нэг дээлэнд гурав таргалж, гурав турна” гэгчээр нэг жил ч болоогүй шахам хугацаанд “Шилэн” Цогоо Ардын баатар болж Сэлэнгэ нутгийн төлөөлөл болох дөхөв. Тэрээр үнэн шударгын туйл хэмээгдэн магтагдсан ч төд удалгүй худалч, гүтгэгч болоод зүрхээ өгөхөд бэлэн нь МАН нь нүүр буруулдаг байна шүү.
Нэг мэхээр олон удаа наадамд түрүүлдэггүй гэдэг адилаар АН-ыг эрх барьж байхад амжилт олж байсан “Шилэн данс” МАН-ын үед албан тушаал авчрахгүй нь ээ. FM радиогийн хөтлөгч залууг дэд сайд хүртэл өргөсөн “Шилэн данс” МАН-д ач тусгүй, АН-д өгөөжтэй гэдгийг анзаараагүй дээ Б.Цогтгэрэл алдав бололтой. Хэдхэн хоногийн өмнө Хоохорын Бадамсүрэн гэдэг хогийн шаар луйварчин, авлигачийг шоронд хийж байж санаа минь амарна гэсэн Б.Цогтгэрэлийн ажлын алба хүртэл алга болсон бололтой.
Үнэндээ бол Х.Бадамсүрэн хогийн хулгайч гэдгийг бүгдээрээ харлаа, мэдлээ. Б.Цогтгэрэл олон мөнгөн аягыг нэг ойлгосон, 16 унадаг дугуйны үнийг бөөндөж буруу ташаа мэдээлэл олон нийтэд өгсөн нь үнэн. Гэхдээ Х.Бадамсүрэн охиныхоо төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлдэг нь үнэн шүү дээ. МАН-ын шахааны хүмүүсээр дүүрсэн нь үнэн. Тэдний идэж ууж байга нь хэмжээ хязгаар алга. Х.Бадамсүрэн мөнгө төлсөн ярилцлагадаа тэр их виски, хүүхдийн сургалтын төлбөрөө тайлбарлаж чадахгүй байна лээ. Нэр төрөө сэргээлгэх тухай яриад авна лээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны нөхдүүд “Шилэн данс” гэгчийг захиалж Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөх гэж байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Шилэн” Цогоо Худалдаа хөгжлийн банкны талд ажиллан Эрдэнэтийн 49 хувийг буцаах оролдлого хийлээ гэсэн ойлголтыг Л.Оюун-Эрдэнэ хийсэн.
Энэ цагаас эхлэн агаа нарыгаа долоож эхэлсэн харагдана лээ. Уг нь авлигач луйварчинг өмөөрлөө гээд асаж байдаг газар даа. Төрөөс төрсөн тэрбумтан, хэмжээ хязгааргүй баяжсан, Монголросцветмет нэгдлийг дампуурал руу түлхсэн Х.Бадамсүрэн МАН-ын удирдлагын нөлөөгөөр сануулга аваад өнгөрч байна. Шилэн Цогоо МАН-ын дарга, ах нараасаа айгаад таг болчихсон айгаад Шилэн дансаа ярихаа болиод ая дуугаа өргөн магтагч болсон харагдана. Эрдэнэт үйлдвэрээс их олуулаа хулгайлдаг явдал багассан болохоос том завшигчид бий. Цөөн завшигч байгаа учраас Эрдэнэт үйлдвэрийн ашиг нэмэгдсэн юм.