Алдарт “Марвел”-ын супер баатруудын тухай өгүүлдэг дараагийн цуврал, үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүсгэсэн үед “Локи” киноны шинэхэн трейлэр саяхан цацагдлаа. Тус бүтээлийн үйл явдлын нэг хэсэг Монголын цөлд өрнөх бөгөөд киноны туслах дүрд Мөнхшүр гэх монгол эмэгтэй тоглосон байна. Киноны гол үйл явдлаас дурдвал Торын дүү болох Локи тессэракт чулууг ашиглан газар орон руу шилжилт хийж, олон адал явдалтай нүүр тулах болно.
Эхлэл хэсэгт “Avengers: End Game”-ийн үеийн өмнөх үйл явдлыг дахин тоймлон харуулах бөгөөд тухайн үед хязгааргүйн чулууг авахын тулд өшөө авагчид Нью-Йоркийн тулаанд буцан очдог юм. Гэвч санамсаргүй байдлаар Локи-ийн өнгөрсөн дэх хувилбар тессэракт чулууг гартаа оруулах бөгөөд тессеракт түүнийг Монголын цөлд шилжүүлэн аваачих болно. Локигийн энэ удаагийн аялал Монголын говиос Нью-Иорк болон TVA зэрэгт өрнөх юм. Энэхүү бүтээл 2021 оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох юм байна.