Улс орныг баатрууд хөлс, цусаараа бүтээдэг, авч явдаг юм. Тийм учраас ажил хөдөлмөрч, бүтээлч, үлгэр дуурайлал болсон хүмүүсийг шагнах нь зөв. Саяхан даа “Макс” Ганбаатар, “Жигүүр гранд” Баттөр, “Монос” Хүрэлбаатар гуравт Хөдөлмөрийн баатар цол олголоо.
“Танхим дүүрэн алга ташилт дундаас таныгаа үгүйлэв” гэдэг шиг яагаад ч юм бэ MSC группийн Захирлуудын зөвлөлийн дарга Жамбалжамцын Оджаргалыг бодож суулаа. Энэ хүн шиг улс орондоо их татвар төлдөг, бүтээн байгуулдаг, шинийг санаачилдаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан ямар бизнесмен байгаа юм бэ
Түүний удирдсан групп, охин компаниуд татвар төлөлтөөрөө Эрдэнэт үйлдвэрийн дараа олон жил жагсаж ирсэн. Худалдаа аж үйлдвэрийн шалгаруулдаг ТОП-100 компанийн эхний 50-д тэднийхэн жагсдаг. “Энержи ресрус”, “Спирт бал бурам”, “Юнител” гээд 22 компани багтдаг. Нөгөө алдарт “Талх чихэр”, “Мах импекс” компаниудыг ТОП-100-гаас эрээд эрээд олддоггүй байв.
Нэлээн хойгуур “Макс”, “Жигүүр гранд” орж ирэх жишээтэй юм билээ. Хэн Хөдөлмөрийн баатар болох ёстой вэ. “Соц” үед үхэрчин, тэмээчин, гахайчин хүн баатар болж залуус тэд нараар үлгэр дуурайлал болгон илгээлт авахад түлхэц болдог байв. Тэдгээр баатрууд ажил хөдөлмөр, ааш зан, гэр бүлийн хувьд өв тэгш өөлөх зүйлгүй хүмүүс байсан.
Үхэрчин баатрын дүү малын хулгайчийг овгийг солиулж байсан гэдэг юм шүү. Жижиг шагналууд нүдээ битгий хэл хөлөө олохгүй төөрч хувин хувингаар тарааж байгаа тухай улс төрчид ярьж байна. Энэ жилийн Хөдөлмөрийн баатар шагнал хэр нүдээ олов. Шүүмжлэх юм бий. Монос групп гэхэд Ковид-19 тахлын үеэр маскныхаа үнийг нэмж Макс групп Говь-Алтайн Бигэр сумын нутгийг алт ухах нэрээр уух усгүй болгосон билээ.
“Жигүүр гранд” групп мундаг байлаа гэхэд “Хурд” групп шиг чанартай, олон барилга барьж байгаа бил үү. Гавъяа шагнал улс төрөөр хамааралтай олгогдог болсон хачин нийгэм. АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон учир 2.7 тэрбум төгрөгийн одон медаль тараажээ. Гэхдээ голдуу АН-ын гишүүдэд тарааж онигоо болов. Энэ улсын эв нэгдлийг илэрхийлэгч, “эцэг” нь шүү дээ. Эцэг нь “Од” хүүдээ үргэлж атаархаж алдаа л гаргавал шоронд хийх, бизнесийг нь булааж авахыг мөрөөддөг гэж ярих. Даанч тэр хүү нь алдаа гаргахаасаа өнгөрсөн нэгэн юм. Түүнд Хөдөлмөрийн баатар олгохгүй нь тодорхой л доо.