Би 53 жилийн түүхтэй МҮОНТВ-д 43 жил ажилласан хүн. Өнөөдрийн энэ асуудалд албан тушаал горилсондоо оролцож байгаа юм биш. Би 40 жил ажилласан энэ байгууллагадаа санаа зовохгүй байж чаддаггүй. МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийг өнөөдөр ярих ёстой. Ийм байдлаар удаан явж болохгүй. Хуулийг нь өөрчлөх ёстой. МҮОНТВ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм. Би “Та хариулахгүй байж” болно нэвтрүүлгийг хийснийхээ төлөө зочин урьсныхаа төлөө ялсан намын удирдлагууд, захиралдаа зануулж, ажлаас халагдахдаа тулсан.
Монголын ард түмэн яагаад татвар хураамж өгдөг вэ гэхээр хэрэгтэй цагт, хэрэгтэй үед, хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай гэж ард түмэн биднийг санхүүжүүлдэг. МҮОНТВ-ийн нийтлэлийн бодлого сүүлийн таван жилд бүрэн алдагдсан. 1990 онд дээр доороос хүчтэй шахалттай, хатуу хяналттай цаг үед бид ардчилсан хувьсгалыг сурвалжлан хүргэж, нийт ард иргэдийнхээ эрх ашгийн өмнө дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан. Одоо тийм хэмжээний хувьсгал боллоо гэхэд МҮОНТВ ажиллаж чадахгүй шүү. Юу хийх нь, яах нь тодорхойгүй том байшин байгаад байж болохгүй. Энэ байгууллагын ирээдүйг харахаар, бодохоор зүгээр суугаад байж болохгүй байна. Тиймээс энэ асуудалд УИХ, Байнгын хороо онцгой анхаарч асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна.