Энэ жилийн төсвийн хэлэлцүүлгээс харж байхад зарим аймаг, дүүргүүд харилцан адилгүй ажил хийхээр харагдаж байна. Хамгийн их ажил хийхээр санхүүжилт тавиулсан Хэнтий, Ховд, Увс, Архангай, Баянхонгор аймгийн иргэд баяртай байна. Харин хөрөнгө бага тавиулсан Дундговь, Говьсүмбэр, Булган, Сүхбаатар, Орхон аймгийн иргэд бухимдалтай байгаа юм.
Эдгээр аймгууд дундаас Булган аймаг Хэнтий аймгийн Бэрх тосгоноос бага мөнгө тавиулсан хэмээн гомдол мэдүүлж хуульч Б.Гүнбилэг ч “Үндсэн хуулийн цэц”-д хандахаар болжээ. Тэрээр УИХ, Засгийн газрыг “Булган аймгийг ялган гадуурхсан” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Нэг талаас нь харахад аймгуудад ялгавартай хандсан мэт боловч УИХ-д сонгогдсон гишүүдийн зангараг, нэр нөлөө, мэдлэг боловсрол, хөөцөлдлөгөө, лобби чанар харагддаг. УИХ-д нэр нөлөөтэй гишүүд төсөв дээр хэн гэдгээ харуулж огт хэрэгцээгүй шахам барилга, байшингийн төсвийг батлуулчихдаг.
Үүн дээр гишүүний овсгоо харагддаг гэхэд болно. Булган аймгаас Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар сонгогдсон нь улс төрд зангараг дутагдсан гэдгийг харуулав бололтой. Түүхээс нь харахад Булганчууд Л.Энэбиш даргын үед хамгийн их төсөв тавиулсан байдаг юм билээ. Хэнтийчүүдийн тухайд төсөв өндөр авахад Засгийн газрын тэргүүн нөлөөлсөн байх талтай ч Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал нэрийн дор сүрхий төсөл боловсруулж УИХ-д итгүүлж чадсанд оршино. УИХ-ын гишүүд өөрийнхөө төсвийг хасуулаад Хэнтий аймгийн санхүүг нэмээд байх хүмүүс биш.
Тэд нарт итгүүлж чадсан гэдэг нь сонирхолтой юм. Булганчууд ялгаварлан гадуурхагдсан гэдэг гомдол мэдүүлэхээс өмнө гишүүдээ төсөв хэлэлцэх үед хэрхэн ажилласан, ямар лобби хийв гэдгийг асуух хэрэгтэй. АНУ-ын сенетын гишүүд ч гэсэн муж нутгийн бүтээн байгуулалт, хууль эрхзүйн орчин дээр маш том лобби (Нэг талдаа наймаа. Чиний тэр хуулийг дэмжинэ гэх мэтээр) хийдэг байдал харагддаг юм.
Төсвийн харилцан адилгүй байдал олон жилийн өмнөөс явагдаж байгаа бөгөөд Увс аймаг асар их төсөв авдаг ч огт хөгждөггүйг судлах хэрэгтэй. Ховд аймаг сайн төсөв тавиулж чаддаг ч С.Бямбацогтын компаниуд башийчихдаг уламжлалтай болчихжээ. Төсөв их багадаа биш бүтээн байгуулалт, эзэндээ очсон ажил үйлчилгээг гэдгээс үр дүн харагдана.