Ард түмний өмч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Ростех” компаниас авсан нь буруу гэсэн үзэл санааг МАН тараасан. 49 хувийг авахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй, АН-ын дарга З.Энхболд мэдээгүй гэж мэлзсэн гэх буруутгал бий. 49 хувийг авсан ХХБ-ыг үзэн ядах давалгаа өрнөж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Монгол Улсын эзэн “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг Ли Чин Ши хятад хүний хүүхэд” гэж зарласан.
Ард түмний өмчийг МАНАН бүлэглэл булаасан гэх буруутгал МАН-д нэмэх оноо авчирч төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэгч нарыг үзэх ядах хөдөлгөөн жагсаал хүртэл өрнөж байв. МАН-ын урт удаан, сунжирсан ялалт ч энэхүү МАНАН бүлэглэлтэй тэмцэх үйл хэрэгтээ холбоотой ажгуу. Өдгөө Эрдэнэтийн 49 хувийг “Монгол зэс” компанид өгсөн гэдэг асуудлаар Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган 4,6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Энэ хоёроос гадна Монгол банкнаас “Монгол зэс” компанид зээл олгосон хэргээр зургаан албан тушаалтан ял авсан байдалтай байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-нд өгсөн нь буруу гэж үзсэн учраас Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар ял авах магадлалтай юм.
Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд өгөхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путингаас удаа дараа гуйсан. Ч.Сайханбилэг нь болохоор ХХБ-нд давуу тал олгосон, хуйвалдааныг зохион байгуулсан хэргээр яллагдах магадлалтай юм. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ авсан нь “МАНАН” бүлэглэлийн үйл ажиллагаа гэсэн ойлголт нийгэм даяар тархаж мафийнханг эрж хайх, хөөн зайлуулах ажиллагаа идэвхижсэн. МАНАН бүлэглэлтэй дайтах үйл хэрэгт Х.Баттулга татагдан орж тэдний гар хөлийг Улсын дээд шүүхээс цэвэрлэж дууссан билээ. Хятадын эрлийз, ард түмний дайсан Д.Эрдэнэбилэг гэдэг этгээдийг цагдан хориод авсан байдаг. Энэ олон сайд дарга нарыг толгойг эргүүлсэн, шоронд суулгасан этгээд шоронд орох нь тодорхой. Сүүлийн үед МАНАН бүлэглэлтэй тэмцэх ажлын фронт командлагч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нөхөд, Шадар сайд Я.Содбаатар нараас байж боломгүй үг яриа гарах болов.
Эх оронч удирдагчид маань “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монгол зэс” компанитай хэлэлцээрт орох, нөхөн олговор олгох тухай ярих болов. Нэгэнт ард түмний өмч болсон, хувьцааг нь эзэмших Эрдэнэт үйлдвэр яахаараа хятадын эрлийзүүдтэй хэлэлцээрт орох ёстой юм бэ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сахал” Эрдэнэбилэг гэдэг хулгайчтай Засгийн газар хэлэлцээр хийнэ” гэдгийг ойлгохгүй байна” гэж мэдэгдсэн. Үнэндээ ард түмэн өнгөрсөн жилээс хойш МАНАН бүлэглэлтэй дайтсан, тэмцсэн. Арай гэж ялаад өмчөө авна гэтэл удирдагч нар нь хэлэлцээр хийнэ ч гэх шиг. Хулгайд юмаа алдсан гэрийн эзэн хулгайчид нөхөн олговор олгодог юм уу, гаргасан зардал энэ тэрийг нь улсын орлого болгодоггүй бил үү. Хятадын эрлийз гэж харааж зүхчихээд эргээд тэврэлддэг, энгийн иргэдийнхээ сэтгэлийг хөөргөчихөөд дайсан руугаа бэлэг сэлт бариад гүйдэг барим тавин аашийг тань ойлгохгүй юм. Эрхэм эх орончид оо.