2019 оны эхээр “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгаланг АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчилж 461-р ангид саатуулж байв. Түүнийг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай хамтран “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Тордойн Ганболдоос дөрвөн сая ам.доллар дээрэмдэж авсан хэрэгт буруутгагдсан.
Энэ хэрэг шийдэгдээгүй хилийн хоригтой мөрдөнгөөс суллагдсан Д.Баясгаланд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гавъяат эдийн засагч цол олгосон. Төрийн өндөр дээд шагнал хүртсний дараа Д.Баясгаланг Тавантолгой- Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замыг барь хэмээн явуулсан байдаг. Тэрээр хөрөнгийн зах зээлээс босгосон 750 тэрбум төгрөгийг “Голомт” банкиндаа байршуулснаас гадна дэд бүтэц, ажилтнуудын амьдрах байр барихад дутагдах 1,2 тэрбум ам.доллар босгох ажилд ханцуй шамлан орсон.
Энэ их мөнгийг хаанаас босгохоо санхүүгийн өндөр мэдлэгтэй Д.Баясгалан шийдэх нь. Нэг талаараа төмөр зам барих их мөнгөний урсгал дээр байгаа мэт боловч амь дүйж яваа бололтой. Голдуу гадаадаар нисч “Монголчуудын амьдрал надад хамаагүй” гэж мэдэгдэн шуугиан тарьж явсан тэрээр Дорноговь руу өдөр бүр давхиж заримдаа тэнд хонодог болжээ. Бүр хээгээ барж вагончигт хоног төөрүүлж олон хүний чихийг дэлдийлгэсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр зам барих нэрээр шороо овоолсон, 700 сая ам.доллар үрэн таран хийсэн нэрнээсээ салах ажлыг Д.Баясгаланд даатгасан билээ.