УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг Тайваний тагнуул хэмээн гүтгэгдэж туслах Пагамжав нь 10 жилийн хорих ял сонсч байхад та “Батчимэг эгч минь хэлмэгдлээ, Эх орноосоо урвах хэмжээний новш, боловсролгүй хүн биш” гэж өнөөдрийнх шигээ бичсэн бил үү.
Агуу эх оронч, эмэгтэйг ганцхан тагнуул гэх шуурга дайраад өнгөрөөгүй юм. Түүнийг бас Мүүнчин гэж ноолж байхад ичих ч үгүй ярилцлага өгөөд зогсож байсан билээ.
1937 оны хэлмэгдүүлэлт одоо хүртэл үргэлжилж өрсөлдөгч болоод нэг нэгнээ хайр найргүй тасдан идэж байгаа билээ. Саяхан даа “Тангарагийн буг” хэмээх аймшигтай гэмээр баримтат нэвтрүүлэг Г.Батхүү агсанд зориулан хийгдсэн. Тэр киног хийсэн нөхөд эмгэнэл бичсэнг хараад “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэж хашгимаар санагдаж билээ.
Лу. Гантөмөрийг Мүүнчин, Х.Тэмүүжинг гаж донтон, Г.Батхүүг буг чөтгөр, М.Батчимэгийг тагнуул болгож байхад хэн өмөөрөв. Хэн хашгирсан юм бэ. Өнөөдөр бүгд М.Батчимэг гэж агуу эмэгтэй байсан гэж бичиж байна. Тагнуул, урвагч, мүүнчин гэж дайрч байх үед нь “Эгч минь эх орноосоо урваагүй” гэж бичсэн бол хичнээн баярлах байсан бол.
Бүгд нулиман доромжилж байхад Та нар хаана байсан юм бэ?
О.Дашбалбар, М.Зэнээ, З.Дорж нар амьд сэрүүн ахуйдаа адгийн шаар, архичин, галзуу солиотой гэж муулуулсаар дууссан. Нас барсан хойно нь агуу эх оронч, найз минь ах минь гэж хальт авахуулсан зургаа ичих ч тавих юм.
Арлааны Эрдэнэ-Очир найрагчаас архины мөнгө гуйлаа гэж зодож байсан дүү нь “Өдрийн сонин”-д нэгэн хоёр бүтэн нүүр дурсамж тавихыг хараад хорвоогийн даажинг ойлгохгүй юм аа.
М.Батчимэг агсанг ганц нэг өмөөрч байсан даа. Тухайлбал ийм компанит ажиллагаа явагдаж буйг мэдэж байгаа Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, С.Ганбаатр нар шүү дээ. Тэд нар түүний нас баралт хүндээр тусч байгаа ч мөнгөөр уйлдаг хятад “Уйлаач” нар шиг худлаа эмгэнэл бичиж шоудсангүй.
Чин үнэнийг хэлэхэд М.Батчимэг гэдэг боловсролтой эмэгтэй Ц.Элбэгдорж улс төрд оруулан жагсаалтын 10-т бичүүлэн УИХ-ын гишүүн болгож байв.
Тэр Ц.Элбэгдоржийн фракци гэдгээрээ хавчин гадуурхагдаж өвчин тусаад Тайваний тагнуул гэдэг муу нэгээ арилгаж чадахгүй нь дээ гэж шаналсаар хорвоогоос буцлаа. Улс төрд гэрэлт цох шиг гэрэлтээд өнгөрсөн М.Батчимэг худлаа уйлагч нарын түр зуурын хуурмаг эмгэнэлд биш боловсрол, мэдлэг шүтдэг ард түмний нэгээхэн хэсгийн зүрх сэтгэлд орших хөшөө дурсгалаа босгосон.