Орон нутгийн сонгуулиас дутахгүй хэвлэлийн пиар, хэрүүл тэмцэл өрнөдөг нь тэдний гол зорилго, бодлогыг илтгэдэг юм. Хамгийн аймшигтай нь ойролцоо суудалтай Увс, Ховд, Архангай, Баянхонгор аймгууд, Баянзүрх, Баянгол дүүрэг ирэх дөрвөн жил нар үзэхгүй үймэлдэн тэмцэлдэнэ. Өчигдөрөөс эхлээд хоёр хуваагдаад худалдах, худалдан авах гэрээ хэлцлүүд яригдаад эхэлжээ.
Увсын АН-д МАН, Баянголын МАН-д АН нь биеэ үнэлэх санаатай ичгүүр сонжуургүйгээр гүйлдэж байх юм. Энэ заваарсан наймааны үг дүнд нэг тал нь хүсээд байгаа Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт албан тушаалуудаа авна. Тэгэнгүүт гомдсон хорссон тал нь ажил явуулахгүйгээс гадна дахин дахин эрх мэдлийн төлөө дөрвөн ойрад шиг дайрах болно. Баянзүрх гэдэг дүүргийг өнгөрсөн дөрвөн жилд Д.Пүрэвдаваа, Э.Бат-Амгалан хоёр этгээд үйлийг нь үзэж ханалгүй дахиад гар хуруугаа хүргээд эхлэв. Ямар үйл лайтайгаа учирсан ард түмэн вэ.
Тэгэхээр МАН-ын бодлого хот, хөдөө орон нутагт хэрэгжихгүй бөгөөд хэрүүл тэмцэл дунд ард түмний амьдрал үрэгдэх нь дээ. За тэгээд иргэдээ боддог ИТХ гэж хаана ч байгаагүй. Одоо Монгол Улсын хүн амын 50 хувь оршин суудаг, асар их хөрөнгө цуглуулдаг Улаанбаатар хотыг хэний фракци захирах вэ гэдэг тулаан эхлэх гэж байна.
“Дур эзнээ голохгүй” гэдэг шиг байж сууж чадахгүй албан тушаал мөрөөдөх “Боов” Сүхээ мэтийн нөхдүүд өттэй ямаа шиг тэлчигнэж өөрийгөө хотын даргад яг тохирно гэсэн элий балай нийтлэл бичүүлэн тараалгаж сууна. Улаан цагаандаа гарсан албан тушаалын хэнээтнүүд өөрсдийгөө “Хотын даргад” дэвшүүлээд аль тойргоос сонгогдсон гэдгээ ч мартчихсан яваа даа.
Хотын даргад Р.Дагва хэмээх нөхөр ичиж зоволгүйгээр зүтгэж явна. Нөгөө “Аз жаргалтай хотыг бий болгосон” гэдэг нөхөр. Авлигатай тэмцэх газарт асуугдаж байгаа этгээд. Тийм нөхөр “Би хотын дарга болмоор байна” гээд албан тушаалтан, Ардын нам хавиар уяатай ботго шиг эргэлдээд Боб Саппаас эмээгээгүй бариад авсан Д.Сумъяабазар Дагвын бараанаас зугтаж байна гэх.
Энэ нөхдөөс гадна Н.Батсүмбэрэл, Ж.Батбаясгалан нарыг хотын даргад тохиромжтой гэж үзэж буй бололтой. Т.Аюурсайханы бүлэглэл Н.Батсүмбэрэлийг зүтгүүлж байгаа элдэв бичлэг, эрээ цээрээгүй явдал нь сөхөгдөхөөс айж байгаа бололтой. Ж.Батбаясгалан тун аятайхан залуу ч Т.Бадамжунайн туслах байсан гэдэг нэр насан туршид нь дагаж сайн, муугаар нөлөөлөх юм. Энэ залуугийн овог шахуу болсон Т.Бадамжунайгаас айдаг жийрхдэг нөхдүүд Ж.Батбаясгаланг урагшаа гишгүүлэхгүй биз дээ.
Сонгинохайрхан дүүргээс Б.Мөнхцэцэг, Ж.Сандагсүрэн, Б.Төрхүү гэх мэт нөхдийг санаатай санаагүй гэрэл цохиулаад эхлэв шүү. Д.Сумъяабазар “Би хотын дарга болье” гээд байгаа нөхдийг бус цоо шинэ, гаднаас хүн авчраад Хотын даргад тавьж эд нарын хоншоорыг тас цохиосой. Эрх мэдэл хүсэгч нарт их идэх хүсэл байвч “Надад төлөвлөгөө” гээд бариад ирэх бичиг байхгүй л дээ.