Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа сонин, содон үйл явдлуудаар дүүрэн эхэлж байна. Өчигдөр зарим нь цахимаар, зарим нь ааваараа дамжуулж үнэмлэхээ “гардлаа”. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй. Түүнийг тавдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт ирүүлж, цагдан хорьсон. Одоогоор түүний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй тул Н.Номтойбаярын нэр дэвших эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймд түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг аав Б.Нямтайшир нь гардаж авсан билээ.
Тэгвэл улс төрийн сайн, саар түүх элбэгтэй Л.Гүндалай Хөвсгөл аймгийн 14-р тойрогт, “Ард түмнээ хайрлая” намаас нэр дэвшиж байгаа. Гэвч тэр яг одоо Тайландын нийслэл Бангкок хотод хөл хоригдож, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчхоод буй. Иймд өчигдөр намынх нь нөхөд дэвшигчийн үнэмлэхийг нь гардаж авлаа. Харин тэр өөрөө Фэйсбүүк хуудсаараа лайв хийж, баяртай буйгаа илэрхийлсэн юм.
С.ЧИЧҮҮЛЭН