Эрдэнэт үйлдвэрийн зарласан 100 тэрбумын өртөг бүхий тендерт хятад компаниуд ялалт байгуулдаг болсон. Үүний цаана албан тушаалтнуудын авлига бий гэсэн хардлага олон нийтэд байсан бөгөөд АТГ-аас БНХАУ-ын иргэн Жан захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” компанид хэрэг үүсгэн шалгаж байна. Цэвэр ус дамжуулах ган хоолой угсрах ажилд БНХАУ-ын зургаан компани өрсөлдөж бичиг баримт дутуу, тендерийн баталгаа хангаагүй, хамгийн бага үнэ өгсөн “Синохидро Корпорейшн лимитед” компани сэжиг бүхий шалгарсан.
Энэ тендерийн цаана Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнууд лобби хийсэн тодорхой болж баривчилсан гэх мэдээлэл ч байна. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн холбогдох албан тушаалтнууд “Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа нь үнэн. Хэн нэгэн албан тушаалтныг барьж хорьсон зүйл байхгүй” гэлээ. Ямартай ч 100, 100 тэрбумын ажлуудыг хятад эзэдтэй компаниуд авдаг нь авлигатай холбогдож албан тушаалтнууд байцаагдаж байгаа нь үнэн болжээ.