Тус станцын эхний блок өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, төсвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлжээ.
Харин хоёр дахь блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Төлөвлөснөөсөө сар гаруйн өмнө тус станцын 2 дахь блок энэ сарын 18-ны 08.00 цагаас төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон эрчим хүч нийлүүлж эхэллээ.
Ингэснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн хэрэглээг хангах хэмжээний цахилгаан үйлдвэрлэх боломжтой боллоо. Станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр, 2024 онд Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оныхоос 2.7 хувиар өссөн байна. Харин цахилгаан эрчим хүчний импорт 17 хувиар, нийт хэрэглээ 5.9 хувиар тус тус нэмэгджээ. Өнгөрсөн онд хэрэглээний 75.3 хувийг дотоодын үйлдвэрлэл, 24.7 хувийг импортоор хангасан байна.
Мөн Эрчим хүчний яамны мэдээлснээр, сүүлийн таван жилд дулааны эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой өсөлттэй байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5–6 хувиар нэмэгдэж буй энэ үед дотоодын шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах стратегийн чухал алхам гэж салбарын шинжээчид үзэж байна.









































