Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 6-р сарын 7-нд Камбожийн Пномпень хотын Олимпийн цэнгэлдэхэд тус улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийлээ.
Эл тоглолтын эхэнд тоглогчдын хамтаар талбайд гарсан хүүхдийн толгойг борооноос халхлан зогссон Монголын багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн үйлдэл дэлхий нийтийн талархлыг хүлээв.
Хүрэлбаатарын Цэнд-Аюушийн хувьд, Монголын шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчин билээ. Тэрбээр 17 настайгаасаа эхлэн Үндэсний шигшээ багийн төлөө хүчин зүтгэж буй. Х.Цэнд-Аюуш 2011 онд Мьянмарын хаалганд гоол оруулсан агаад тухайн тоглолтод Монголын шигшээ баг 1:0 харьцаатай хожсоноор ДАШТ-ий Урьдчилсан шатанд анхны ялалтаа байгуулсан билээ.
Түүний хувьд, 2019 онд Монголын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон төдийгүй 2006, 2014 онуудад Дээд лигийн шилдэг хагас хамгаалагчаар шалгарсан юм.
Камбожийн талбайд явагдсан тоглолтод Монголын шигшээ баг 2:0-ээр хожигдсоноор сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг ч тоглолтодоо хожоогүй гэсэн тааруу цувралаа үргэлжлүүллээ. Тодруулбал, Монголын шигшээ баг сүүлийн есөн тоглолтодоо хожоогүй төдийгүй сүүлийн найман тоглолтодоо гоол оруулаагүй байна.
Монгол болон Камбожийн багийн хариу нөхөрсөг тоглолт 6-р сарын 11-нд 17:00 цагаас Монголын хөлбөмбөгийн талбайд явагдана.