УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдана үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хоёр гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Цэц даргагүй явж байдаг. Даргаа ямар хугацаанд томилохоо тодорхой болгож байна уу. Зарим гишүүний хугацаа нь дуусчхаад байхад хоёр, гурван жил ажилласан гэх асуудал бий. Нөгөө талд нийгмийн хамгаалалд нь хэт давуу байдал олгож болохгүй шүү дээ.
Тэтгэврийг нь 60 хувиар бодно, эрүүл мэндийн, амь насны даатгалын шимтгэлийг нь төр хариуцна. Одоо ажиллаж байгаа болоод өмнө нь ажиллаж байсан хүн болгонд 36 сарын тэтгэмж өгнө гэх юм. Би хуульчдыг гайхдаг. Бусад салбарынхан юм ярихаар Үндсэн хуулиараа зохицуулах ёстой гэдэг. Тэгсэн хэр нь хууль, хяналтын байгууллагын хууль оруулж ирэхээрээ энийгээ хамаардаггүй. Ийм ялгамжтай хандаж болохгүй шүү дээ” гэв.
Үүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгч түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа гэж заалт бий, үүнийг л оруулсан. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шүүгчтэй л адил болгож байгаа юм. Тэр 36 сарын тэтгэмж гэдэг чинь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн заалт шүү дээ. Цэцийн гишүүд нэг туслахтай байсныг, нэг судлаачтай болгож байгаа. Өөр юу ч нэмээгүй” гэж хариуллаа.