Хөтөл цемент шохойн үйлдвэрийн даргаар түр томилогдсон Л.Наранбаатар нүүр номоороо дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Тодруулбал” Цалингаа тавилаа. Бас 3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж Хаанбанкинд байршууллаа. Хүнд үед хүчин чармайлт гаргасан хамт олондоо баярлалаа.
Хамтрагч нартаа баярлалаа. Цаашид бид Хаанбанк, Хасбанк зэрэг олон банкуудыг өрсөлдүүлэх замаар ажилчдынхаа зээлийг ХХБ-аас чөлөөлж, хүүгийн дарамтаас гаргана. Ажилчид маань, компани маань 100% ХХБ-с өөр сонголтгүй байсан өдрүүд манай компани ТӨХК болсноор эцэс боллоо.
Хөтөлийн Цемент Шохой Төрд шилжих өдөр бидний данснаас 4.3 тэрбум төгрөг хууль бусаар татаж, олон хоног ажилчдын маань цалинг бас түлш түүхий эдээр тасалж, үйлдвэрлэл зогсох аюултай горимд хүргэсэн Худалдаа хөгжлийн банкинд дахин 1 ч төгрөгч хийхгүй, харилцахгүй.
Ажилчид энэ сард 20% нэмэгдсэн цалин, бас төлөвлөгөөний биелэлт 30% шагналт цалинг сүүлийн 5 жилд анх удаа авч байгаа юм. Цаашид компанийн ашгийн түвшин, инфляцитай уяж цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж, илүү уян хатан, өрсөлдөх чадвартай болгоно. Үйлдвэрлэл тасалдах эрсдлээс аврагдлаа, борлуулалт хэвийн үргэлжилж байна” гэсэн байна. Даграмд дуулгахад Хөтөлийн “Цемент-шохой” ХК хуурай аргаар нэг сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай аж.