Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ангийн багшдаа зодуулсан талаар түүний ээж цахим хуудастаа бичсэн юм. Тэрбээр “97 дугаар сургуулийн багш Цэрэнбадам шавь нараа зодсон байна. Миний охины гарыг ийм болгожээ.
Гавьяат багш ийм зохисгүй үйлдэл гаргаж болох уу” хэмээн охиныхоо зодуулсан гарны зургийг өчигдөр /2022.03.15/ цахим орчинд оруулсан юм. Энэ талаар бид сургуулийн удирдлагуудаас тодруулахад “Камерийн бичлэгээр зодсон нь нотлогдсон учир багшийг ажлаас нь чөлөөлнө” гэдэг тайлбарыг өгсөн юм.
Энэ сарын 15-ны камер шүүхэд Л.Цэрэнбадам багш хэд хэдэн сурагчдын тархи толгой руу цохисон дүрс байжээ. Багшдаа зодуулж буй сурагчдийн дунд иргэн Т-гийн хүүхэд байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Харин Л.Цэрэнбадам багш “ажлаас халагдах” өргөдлөө өгөөд, гарч явахдаа ухаан алдаж унажээ. Бусад багш нар түүнийг сэргээж, гэрт нь хүргэж өгсөн байна. Л.Цэрэнбадам багшийн тухайд боловсролын салбарт 35 жил ажиллаж байгаа бөгөөд хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарах байжээ.