Зандаахүүгийн Энхболд өнөөдөр твиттер хуудснаа нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрээр Л.Халтар: Гуравдугаар сарын 15-нд төмөр замаа ашиглалтад оруулахгүй бол “огцоръё” гэж хэлж байсан. Өнөөдөр 2022.03.15 Зүүнбаян-Цогтцэций ТЗ ашиглалтанд ороогүй. Эр хүн хэлсэндээ, одоо огцор доо. @OyunerdeneMN Халтарыг огцруулсан тухай захирамж өнөөдөр гаргана.” хэмээн жиргэв.
Учир нь Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар 2022.01.27-нд Монголын төмөр зам ТӨХК-ийн удирдлагуудтай уулзсан. Тус уулзалтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1км төмөр замын хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сарын 15-нд нээх үүрэг өгсөн ч ашиглалтанд ороогүй юм.
Тэрбээр “Энэ оны гуравдугаар сарын 15-н гэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1км төмөр замыг ашиглалтад оруулахгүй бол та бид энд мануухай болж суугаад яах вэ. Засгийн газрын хурлаар төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн асуудлыг хэлэлцэх үед нэг их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал ирсэн байхад, гүйцэтгэгч “Монголын төмөр зам” ТӨХК-иас нэг ч төлөөлөл байгаагүй. Өөрөөр хэлбэл энэ бүтээн байгуулалтын ажил танай удирдлагуудад хамаагүй мэт харагдаж байна.
Засгийн газрын гишүүд надаас “Монголын төмөр замынхан хаана байна” гэж асуусан. Та нар Засгийн газрын хурал дээр очихгүй байгаа учраас би мэдээлэл дамжуулагч хийж байна. Дараагийн удаа Монголын төмөр замын асуудлыг хэлэлцэж байхад заавал төлөөллөө илгээгээрэй” гэж байжээ.
Тус бүтээн байгуулалтад одоогоор нэг их наяд, 53 тэрбум төгрөг зарцуулаад буй бөгөөд зүгшрүүлэх тээвэрлэлтийг энэ гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байсан аж.