Нэгэн үе Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа улсдаа жишиг болтлоо сайжирч, иргэд, үйлчлүүлэгч ам сайтай байсан цаг саяхных. Гэвч тус төвийн даргаар З.Балдандугар гэх нөхөр томилогдсоноос хойш нар үзэлгүй өнөөдрийг хүрчээ.
З.Балдандугар нь цар тахлын хүндрэлтэй үед буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны хооронд нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн төсвийг ЭМЯ, даатгалын газраас татан төвлөрүүлж, хамгийн өндөр төсвийг дүүрэгтээ татсан шилдэг удирдагч хэмээн цоллогдож, үүндээ ихэд оодорч байв. Харамсалтай нь энэ их мөнгө эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний нэмэгдэл болохын оронд Монголын Үндэсний их сургуулийн данс руу өм цөм урсан орсон ноцтой баримт байна.
2021 онд татан төвлөрүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтаас зөвхөн Монголын Үндэсний их сургууль руу гэхэд 1 тэрбум төгрөгийн гүйгээг хийсэн байна. Тухайн үед түр тусгаарлах байрны зориулалтаар МҮИС-ийн байрыг түрээслэж байсан гэх боловч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь онцгой нөхцлийн үед буюу ковидын цаг үед өөрийн байрандаа тусгаарлах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсныг учир мэдэх хүмүүс хэлсэн байдаг. Харин З.Балдандугар дарга өөрийн төвийг түшиглэхийн оронд МҮИС-ийн байрыг ашиглахаар шийдэж, ингэхдээ тэрбум орчим төгрөгийг түр тусгаарлах байр гэсэн нэрээр шилжүүлчихсэн. Шилжүүлгийг задалж харвал нийтдээ найман удаагийн гүйлгээгээр ковидын үеийн ор бэлтгэл нэрээр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн атлаа энэ талаараа шилэн дансны мэдээлэлдээ тусгаагүй, ямар нэг гэрээ, харьцуулалтын үйл явц огт харагдахгүй байгаа юм. Түүнчлэн эдгээр гүйлгээний дунд 424 сая төгрөгийг бинзений үнэ гэсэн утгаар шилжүүлсэн байгаа нь ч анхаарал татаж байна.
Зөвхөн хувийн сургуулийн хажуу хаяаг цар тахлын нэрээр тэрбум тэрбум төгрөгөөр түрээслэж, үүнийхээ задаргааг тайлагнаагүй байгаа нь өөрөө хардах, хувьдаа төсвийн мөнгийг завшсан байж болзошгүй гэж үзэх хангалттай үндэслэл болох бөгөөд эрхэм дарга З.Балдандугарын ХОМ-ыг эргэн харах, АТГ шалгах нөхцөл бүрдсэн гэж харж болохоор байна.
Нэгэнтэй Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар нь Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр эмч, эмнэлгийн ажилчдадаа сардаа 3 сая төгрөгийн цалин өгч байгаа хэмээн худал мэдүүлж байсан. Хэрэв цар тахлын үед өөрийн нөөц бололцоог ашиглаж, МҮИС-ээр дамжуулан мөнгө угаагүй бол үнэхээр эмч, эмнэлгийн ажилчдын хүнд үеийн илүү цагийн нэмэгдлийг зүй ёсоор олгож, тэдний нийгмийн асууудалд анхаарч болохоор байсныг энд дурдах нь зүйд нийцнэ. Бид тун удахгүй Баянголын эрүүл мэндийн салбарыг бизнесийн байгууллага шиг ашиглаж, албан тушаалтны ах дүү, хамсаатанд тал засаж шилжүүлсэн мөнгөний мөрөөр шөгиснөө та бүхэнд хүргэх болно.
Үргэлжлэл бий…