Бусадтай зүй бус харилцсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй МУИС-ийн оюутан Б.Ариунзаяад хилийн хориг тогтоох саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ саналыг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэнэ гэж тус шүүхээс мэдээллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ
1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
Холбоотой мэдээ: Б.Ариунзаяа: Би тэр өдөр нулимуулчихаад зүгээр яваад өгөх байсан юм. Гэмшиж байна
МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт үйлчлүүлж байсан охины дээрээс халуун кофе асгасан хэрэг гарсан. Үүнд иргэд эдгүүцэж, ёс зүйгүй оюутныг хуульч мэргэжлээр төгсгөж болохгүй хэмээн хуулийн сургуулиас нь хассан юм.
Тэгвэл энэ мэдэгдлийн дараа Б.Ариунзаяа өөрийн инстаграм хуудаснаа “Сурах сургууль мундсан биш, золбин сургуульд чинь сурч байсанд баярла. Бас удахгүй энэ золбин улсаас чинь явна за” хэмээн бичиж үлдээсэн.
Мөн дараа нь “Би тэр өдөр нулимуулчихаад зүгээр яваад өгөх байсан юм. Алдах зүйлгүй хүн яаж ч авирлаж болно. би л тэсээд өнгөрдөг байж. Гэмшиж байна.
Энэ бичлэгийг монголчуудыг даапаалж доромжлох зорилготой байгаагүй. Би 10-аад хүнтэй найз нарынхаа группт найз нь цоглог байгаа надад битгий санаа зовоорой гэх агуулгатай нийтэлсэн. Хүн чанар гэж юу бэ найз гэж хэн бэ гэдгийг маш сайн харж авлаа” гэжээ.