Голомт банкны “эзэн” гэгдэх Д.Баясгалан “хүүхдийн парк”-ийн газрын 76 хувийг эзэмшдэг газар дээрээ орон сууц, үйлчилгээний төв барихаар зэхсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК гэдэг нь хүүхдийн паркийг дахин шинэчлэх төслийг анхнаас нь авсан “Бодь” группийн охин компани юм. 2011 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаярын 198 тушаалаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д үндсэн хэсгийг өгчээ. Тус компанийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар 24 хувийг , “Ито-Инвест” ХХК 76 хувийг эзэмшдэг. “Ито-Инвест” ХХК-г “Бодь-Интернэшнл” ХХК 100% эзэмшдэг. Бодийг Голомт банкны “эзэн” гэх Д.Баясгалан эзэмшдэг аж.
Энэ тухай Л.Гүндалай өөрийн цахим хуудсаар дамжуулан “Баясгалан хүүхдийн паркаа буцаагаад өгчих өө. Чи Монголын буянд хагартлаа баяжсан хүн шүү дээ. Хүүхдийн паркийг заавал тэгж авах гээд яах вэ. Тэрийг зарж мөнгө болгох гэж, ашиглах гээд яах вэ. Монголын ард түмэндээ буцаагаад өгчих. Түүнийг олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг, улсын төсвөөс санхүүждэг газар болгоё. Монголын ард түмэнд хүүхдийн паркийг нь буцаагаад өгчих хэмжээний ёс суртахуунтай, жоохон ч гэсэн ичих булчирхай үлдсэн болов уу. Монголын том толгой баян банкны эзний хувьд тэр зэргийн юманд хотойгоод байхгүй байх” хэмээжээ.