Орон сууцны айлууд ус, дулааны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд бүртгэх болсон талаарх мэдээлэл гараад байна. Бодвол “хар жагсаалт”-д орно, зээл авч чадахгүй, амьдрах аргагүй болно шүү гэж айлгах, дарамтлах “хадны мангаа” тактик гэж ард иргэд харж байгаа юм.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, “Дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр, журам гараагүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, ус, дулааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэхгүй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд өмнөхийн адилаар тодорхой хувийн алданги тооцох юм. Тухайлбал, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16” ОСНААУГ-аас өгсөн мэдээллээр айл өрхүүд төлбөрөө төлөлгүй 25-наас хойш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэв.