Хүүхэд уйлахаас айгаад нуугдаж байгаад гардаг аав ээжүүд их байдаг. Гэхдээ энэ байдал хүүхдэд улам их түгшүүр бий болгодог ба дараагийн удаа хүүхэд таныг алдахгүйн тулд улам их зуурна. Яагаад?
Гэртээ та нөхөртэйгөө хамт байж байсан чинь нөхөр тань гэнэт алга болчихсон. Тэгээд 3 цагийн дараа юу ч болоогүй юм шиг ороод ирлээ. Танд ямар байх вэ?
Яг ийм мэдрэмжүүдийг хүүхэд мэдэрнэ . Тэгэхээр нуугдаж гарна гэдэг бол хүүхдээ бодож байгаа хэрэг биш.
Хүүхэд хэдэн сартай байсан ч хамаагүй гарах бүрдээ заавал ” баяртай” гэж хэлэн гарч байгаарай.
– “Баяртай” гэж хэлэхийн оронд “орой уулзъя” гэх маягаар салах гэж байгаа дээр биш уулзах гэдэг төвлөрч болно.
– Хаашаа явах болон хэзээ ирэхээ хэлэх. Хүүхэд цаг мэдэхгүй бол хүүхдийн өдрийн дэглэм дээр тулгуурлан баримжаа өгч болно. Жишээ: өдөр унтаад сэрэхээр нь ирнэ.
– Гарах бүрдээ хийдэг заншилтай болох. Байнга давтагддаг тул хүүхдэд аюулгүй мэдрэмжийг өгдөг. Жишээ: аав үнсээд гардаг. Тэгээд хэсэг хугацааны дараа ирдэг. Олон удаа давтагдах тусам сайн.,
– Ээж үргэлж хүүхэдтэй хамт байдаг бол дэлгүүр гарахаас эхлээд хугацаагаа уртасгаарай. Ээж яваад ирдэг гэдэг ойлголтыг суулгачих юм бол хүүхэд уйлаад зуураад байхгүй.
Охин маань одоо 4 настай ба бага байхаас нь эхлэн үүнийг хэрэгжүүлсэн. Маш үр дүнтэй шүү. Хамгийн чухал нь хүүхдэд түгшүүрийг бий болгохгүй ✌.
Сэтгэл зүйч Г. Хулан








































