“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан Улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг зодог тайлаад Монголдоо ирээд байгаа билээ.
Иймд түүнтэй ярилцлага хийхийг хүссэн боловч “Одоогоор боломжгүй байна” гэсэн учир утсаар холбогдож, цөөн асуултад тодруулга авлаа.
-Таныг эх орондоо ирсэн гэж дууллаа. Хэзээ ирсэн бэ?
-Өнгөрсөн наймдугаар сард Монголдоо ирсэн. Олимп дуусангуут л яваад ирсэн. Одоогоор амраад л байж байна.
-Тамирчныхаа замналыг орхихоор шийдсэн байна билээ. Дараагийн төлөвлөгөөгөө гаргасан уу. Дасгалжуулагчаар ажиллах зорилго байгаа юу?
-Одоогоор ямар ч төвлөвлөгөө алга. Багштайгаа ярилцаж байгаад шийднэ дээ.
-Казахстан Улсаас дасгалжуулагчаар авч үлдэх санал ирсэн үү?
-Тэгсэн. Надад “Таны саналыг л бид хүлээж авна. Уг нь ирээдүйн тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэх багш нь болгох хүсэлтэй байна” гэж байна билээ. Харин би “Эх орондоо ирэх хүсэлтэй байна” гээд л ирсэн.
-Зарим бөх зодог тайлахаараа өөрсдийн нэрэмжит бөхийн клуб нээдэг. Эсвэл мэргэжлийн тулаан руу ордог. Танд тийм бодол байхгүй гэж үү?
-Байхгүй ээ.
-Д.Энхбаатар багш тань хамт ирсэн нь мэдээж. Одоо тань шиг супер тамирчин бэлдэхээр ажиллаж байгаа байх даа …
-Багш маань “Тэмүүжин” клубт дасгалжуулагчаар ажилладаг. Тэндээ хүүхдүүдээ бэлдээд л завгүй яваа.
-Та Казахстан Улсын иргэн болсон. Гэвч Монголдоо амьдармаар байгаа ч иргэншил өөр болохоор ямар нэгэн хүндрэл, асуудал үүсэх болов уу?
-Одоогоор мэдэгдэх юм алга. Гэхдээ Монголынхоо иргэн болохын тулд ямар шалгууртайг нь нэлээн судална аа. Ер нь Монголынхоо иргэншлийг авч, Монголдоо л амьдрахыг хүсэлтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.