СОШИAЛ ХАЯГААРАА ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХГҮЙ ГЭСЭН Ч ТӨСӨВТ СУУСАН БАЙГААГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ?
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ–аар дэмжиж, батлуулсан. Энэ асуудал олон иргэний эсэргүүцэлтэй тулгарч, хүн бүхэн өөрсдийн сошиал талбартаа хөшөө барих хугацаа мөн үү хэмээн шүүмжилсэн.
Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд нь ч тойрогт нь баригдах хөшөөний талаар сонсоогүйгээ мэдэгдэж, цаг хугацааны хувьд хөшөө барихад тохиромжгүй гэдгийг мэдэгдсэн. Ийнхүү олонхийн эсэргүүцэлтэй тулгарахад Соёлын сайд Ч.Номин өөрийн сошиал хаягаар байр сууриа илэрхийлсэн байна. Орчин үед иргэд үзэл бодлоо илэрхийлэнгүүт сайд нар нь хэлсэн үг, үйлдлээсээ буцаж, сошиалаар ажлаа хийдэг болжээ.

“Богд Зонхова” цогцолборын төсөлд сайдын хувьд хөрөнгө зарцуулахгүй гэж сошиал хаягаараа мэдэгдэл хийгээд царцаачихдаг юм бол ирэх оны төсөвт 32 тэрбум төгрөг суусан байгааг Соёлын сайд та юу гэж тайлбарлах вэ? Ч.Номин сайдыг дургүй байхад нь УИХ нь 32 тэрбум төгрөгийн төсвийг бурхан барихад зарцуул гээд тулгаад байгаа бололтой.
Нэгэнт батлагдсан төсвийг Ч.Номин сайд зарцуулахгүй гэж мянга хашгираад хуулиа зөрчиж, өөр эх үүсвэрт зарцуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч төсөвт хориг тавихаас нааш Ч.Номин сайдын дураар 32 тэрбумын асуудал шийдэгдэхгүй гэсэн үг.
Нөгөөтэйгүүр төсөв батлагдах нь тодорхой гээд ажлаа эхлүүлчихсэн байгаа компани их хэмжээний алдагдал хүлээх нь ойлгомжтой. Тэгэхээр улсын төсвөөс мөнгө нэхээд хууль, шүүх гээд асуудал өрнөх нь тодорхой боллоо.
ЭХ СУРВАЛЖ: MASS.MN









































