Белград-2021” боксын ДАШТ-ий 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн өрсөлдөх боксчныг шалгаруулах сорил өнөөдөр болох байв. Гэвч өнөө өглөө гавьяат тамирчин Э.Цэндбаатар жинг үзлэгт ирээгүй тул сорилыг цуцаллаа. Ингэснээр О.Тулга 60 кг-ын жинг төлөөлөх эрхтэй болов. Эх сурвалжийн хэлж буйгаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар огцом жин хассанаас болж өчигдөр бие нь муудаж, түргэн тусламж дууджээ.
Тэрбээр одоо эмнэлэгт шинжилгээ өгч, эмчлүүлж байгаа аж. Яагаад сорилд оролцож чадаагүй талаар маргааш албан ёсоор тайлбар хийнэ гэв.
О.ТУЛГА: АНХ УДАА ДЭЛХИЙН АВАРГАД ОРОХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оруулан 60кг-ийн жинд О.Тулгатай халз тулалдуулахаар болсон юм. Сорил тоглолт өнөөдөр Орхон аймагт товлогдож тамирчид 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх ёстой байв. О.Тулга 59.9кг-аар жиндээ орсон бол МУГТ Э.Цэндбаатар жингээ цагтаа үзүүлээгүй, утас нь холбогдохгүй болжээ.
Харин мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” гэдгээ мэдэгджээ. Иймээс сорил тоглолтыг цуцалж сонирхогчдын боксын ДАШТ-ний 60кг-ын жинд О.Тулга өрсөлдөхөөр болоод байгаа юм.
О.Тулга энэ талаар хэлэхдээ “Өчигдөр Эрдэнэтэд ирсэн. Жиндээ орж чадлаа. Бараг нэг сар гаруйн хугацаанд жингээ барьсан. Э.Цэндбаатар ахын хувьд тэмцээндээ ирж оролцоогүй нь, нэг юм болоогүй л юм байлгүй. Би мэдэхгүй. Анх удаагаа дэлхийн аваргад орох гэж байгаадаа баяртай байна.
Олон саад бэрхшээл тууллаа. Эрхээ авсандаа маш их баяртай банйа. Өнөөдрөөс баг хамт олонтойгоо бэлтгэлдээ орно доо. Бокс бол хүнийг төлөвшүүлдэг спорт шүү дээ” гэв.
Э.Цэндбаатарт юу тохиолдов?
ДАШТ-д оролцох эрхийн төлөө боксчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын халз тулаан өнөөдөр Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын баазад болох байлаа.
Дүрмийн дагуу тамирчид 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орх ёстой байв. Гэтэл ОУХМ О.Тулга цагтаа үзлэгтээ орж, жиндээ тэнцсэн бол МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй юм.
Тэгвэл өчигдөр орой Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван : “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” гэсэн гар утасны мессеж илгээсэн байжээ.