КОВИД-19 халдварын улмаас энэ долоо хоногт нийт 108 хүн нас баржээ. Мөн шинээр 14289 хүнээс халдвар илэрсэн байна.
Одоогоор улсын хэмжээнд КОВИД-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1241 болоод буй. Цар тахлын эмчилгээ үйлчилгээнд 2200 гаруй эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа. Гэвч халдвар аваад эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж буй иргэд, хоногт илэрч буй тохиолдлуудад 4000 орчим хүн ажилласнаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай хэмжээнд очно гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Түүнчлэн эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Ор хүрэлцэхгүй болсны улмаас хэвтэн эмчлүүлэх иргэдийн хүсэлт нэмэгдэж байна. Нийслэлд сүүлд 152 ор шинээр дэлгэсэн ба дахин 300 орыг аравдугаар сарын 1-нээс дэлгэнэ.
ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ЗОДОГ ТАЙЛЛАА

Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакүхо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайллаа. Хакүхо М.Даваажаргал нь гаргасан амжилт зодоглосон барилдаанаараа Хэйсэй, Рэйвагийн Япон тооллын үеийг төлөөлж ИХ Аварга гэж олон нийтэд нэрлэгдэн дуудагддаг. Өвдөг шороодолгүй дээд зиндаанд түрүүлж эзэн хааны цомыг хүртсэн сүмоч дараагийн башёд зодог тайлж буй нь сүмогийн түүхэд урьд өмнө байгаагүй сонин содон тохиолдол боллоо.
22 насандаа мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна болсон Хакүхо М.Даваажаргал нь замналынхаа турш дээд зиндаанд 1093 удаа давсан. Тэрээр 2019 оны есдүгээр сард Япон улсын иргэншил авч, өөрийн дэвжээнд багшлах боломжтой болсон юм.
УЛИРАЛ ҮЛ ХАРГАЛЗАН АЖИЛЛАХ АНХНЫ БИТҮҮ ДЭЭВЭРТЭЙ ОРДНЫГ НЭЭЛЭЭ

Монголд анх удаа олон улсын олимпын хорооны стандартын шаардлагад нийцсэн улирал үл харгалзан ажиллах анхны битүү дээвэртэй “Степпе Арена мөсөн өргөө” ордныг нээлээ.
Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбайтай Монголын анхны мөсөн өргөө гэдгээрээ онцлог.
Степпе Арена мөсөн өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, 2600 үзэгчийн суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих таван өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай.
Мөсөн ордны онцгой зочид нь өвлийн спортоор хичээллэгч мэргэжлийн тамирчид байлаа. Тэдний нэг нь мөсөн өргөөний нээлтэд АНУ-аас урилгаар ирэн оролцож буй уран гулгалтын тамирчин О.Ивээл. Америкт төрсөн О.Ивээл охин 4 наснаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн бөгөөд одоо АНУ-ын Олимпийн бэлтгэлийн төвд дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хангаж байна.
УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган баасан гарагт эхэлсэн. Энэ удаагийн намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Шүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг шинэчлэн найруулж, шинээр Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиудыг цогцоор нь хэлэлцэж батлахаар төлөвлөж буй. Мөн боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Эх сурвалж: Gogo.mn








































