МҮОНРТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг зургаадугаар сарын 7-нд буюу өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн ажлаар орон нутагт явж байхдаа коронавирусийн халдвар авсан бөгөөд одоогийн байдлаар Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй юм.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр товлогдсон мэтгэлцээн болох эсэх болбол ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатараас тодруулахад “Мэтгэлцээнийг ямар хэлбэрээр зохион байгуулах талаар бид ярилцаж байна. Зөв хүн электорат эвслээс мэтгэлцээнийг цахимаар явуулах санал гаргасан. Тус саналыг судалж үзэж байна. Хэрэв мэтгэлцээнийг цахимаар явуулсан тохиолдолд хэрхэн зохион байгуулах талаар бид ярилцаж байна. Өнөөдөр үдээс өмнө намын төлөөллүүдтэй уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. Эцсийн шийдвэр гарсны дараа манай телевизийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийнэ” гэж хэллээ.
МҮОНРТ-ийн удирдлага сонгуульд нэр дэвшигч гурван намын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтаар нэг нэр дэвшигч эмнэлгээс үлдсэн хоёр нь телевизийн студиэс ярилцахаар тэгш нөхцөл алдагдах эсэх, тусгаарлалтад байгаа хүний биеийн байдал зэрэг асуудлуудыг ярилцсан байна.
“АН-ын зүгээс ямар ч байсан мэтгэлцээн хийх талаас нь тодорхой хувилбарууд хэлсэн. МҮОНРТ-ийн удирдлагууд өглөө эмнэлгийн дарга нартай зөвшилцөөд өдөр хариу өгнө гэсэн” гэж Ц.Оюундарь хэллээ.
Нэр дэвшигч Д.Энхбат үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Мэтгэлцээнийг адил тэнцүү орчинд хийнэ гэнэ. Тэд эмнэлэгт ирэх, эсвэл би очиж хоргонд сууж чадна. Шинж тэмдэг мэдрэгдэхгүй байгаа учир хэдэн цаг ч адил мэтгэлцэж чадна. Эсвэл бүгд онлайнаар. Би аль ч нөхцөлийг хүлээн авахад бэлэн” хэмээн байр сууриа илэрхийллээ.