Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэнэт гэгээрсэн аятай авлигажсан зээл, ирээдүйгээ зээлсэн зээл, төрийн албыг төрлийн алба болгов, цадах болоогүй юу гээд гэгээрсэн, ариухан амьтан шиг ярих болов. Таны туулсан зам, хийсэн ажил өөр түүх өгүүлдэг гэдгийг мартаагүй иргэд олон байгаа шүү.
-Таны хүргэн Дэнзэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа Эрдэнэс-Тавантолгой компанийн ТУЗ-ийн дарга болж 17 тэрбум төгрөгийг эхнэрийнхээ нэр дээр авч буруутсан. Танай хүргэнд улсын таван тэрбум төгрөгөө тавиад туусан хэргээр Я.Батсуурь ял авч зовсон гэдгийг санахад илүүдэхгүй ээ.
-Чингис, Самурай бондын олон тэрбум ам.доллараар танай Засгийн газрын гишүүдийн компаниуд гараа угааж их өрөнд нэмэр болсон. Энэ өрийг яаж төлөх вэ асуусан гишүүнд “Бидний үр хүүхэд төлчихнө” хэмээн ичихгүй хариулж байсан даа.
-Цэвэр агаар сангаас таны зөвлөх Н.Хүрэлсүх 53 тэрбум төгрөг хулгайлж байр, машин аваад нүдний булай болсон билээ. Утааг бууруулна гэсэн ганцхан тайлбартайгаар татвар төлөгч нарын олон зуун тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн гэдгээ санаж байгаа биз.
-Цар тахлыг далимдуулан цөөхөн хэдэн компани баяжиж дууслаа хэмээн цогтой хашгирч байгааг чинь харлаа. Та үнэ тогтворжуулах хөтөлбөр санаачилж АН-ын гишүүдийн компаниуд ЖДҮ шиг авсан гэдгээ санаарай. Толгой залган суугаа “бидон” Д.Ганбат чинь цементийн үнэ тогтворжуулна гээд долоон тэрбум төгрөг авч Баянхонгорт хүүлсэн баримт бийг мартсан уу.
-Төрийн мөнгө ёолохгүй гэдгийг их ярих юм. Тийм ээ. Багануурын нүүрсийг гэр хороололд хямд тараах нэрээр ашиг унагаж олон залуусыг чирсэн дээ. Охин Саранзаяа чинь 600 сая төгрөгийн асуудалд холбогдоод явж байхад муулаад байдаг Д.Дорлигжав “Охиноор оролдоод яахав” гээд хэргийг нь буцааж байсан гэдэг.
-Өөрийн чинь зөвлөхөөр ажиллаж байсан танай Засгийн газрын гишүүн Х.Баттулга “Заналтайгаар Н.Алтанхуягийг огцруулна” гээд кноп дарсан түүх бий шүү. “Тариалан эрхлэх сан”-гаас хүүгүй зээл (ЖДҮ цаашаа) “Хаан жимс” амралтын бааздаа авсан байдаг. Тэр баазынхаа бохир өтгөнийг Туул гол руу асгаж байгаад баригдан ичсэндээ сэтгүүлчтэй маргалдаад ялагдаж байсан биз дээ.
-Ардчилсан намын хагарал бутрал таны тэргүүлдэг “Алтан гадас” фракциас үүдэлтэй гэдгийг санаарай. Таныг АН-ын 8 тэрбум төгрөг хөрөнгө завшсан, байр барих хүзүүвчийг ХХБ-нд долоон тэрбумаар зарсан, намын мөнгөөр авсан Лексус-570 машинаа хүлээлгэж өгөөгүй гэж буруутгаж байсан шүү. “Хэрээ цагаан болдоггүйтэй” адил хэтэрхий өөрийгөө магтах Алтанхуяг таны ичмээр нүүр улаймаар түүхүүд маш их бий. Төрөөс төрсөн тэрбумтан таниас болж маш олон залуус шоронд орсон. Тэднийг буруу залсан, гэмт хэрэгт холбогдох бололцоог охиндоо хүртэл өгсөн байдаг юм шүү.








































