Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” компани коронавирусийг далимдуулан 8,555,000 тонн хүхрийн уусмал газрын хөрс рүү шахжээ. Ийм мэдээллийг орон нутгийн иргэд болон “Босоо Хөх Монгол”-ын гэх гишүүд мэдээлж байна. Эдгээр иргэд газрын хөрсөнд хүхрийн уусмал шахахыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсний хүчинд өнөөг хүртэл үйл ажиллагааг нь гацааж чаджээ.
Гэтэл коронавирусийн хөл хориог далимдуулан уран буюу цацрагт идэвхит ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа эхлүүлсэнд орон нутгийн болон Төрийн бус байгууллагын иргэд харамсаж буйгаа илэрхийлсэн байх юм. Монгол Улс нийтдээ 58 ширхэг ураны тусгай зөвшөөрөл олгосон байдаг бөгөөд эрх мэдэл бүхий нөхдүүд авлигаар өгсөн хардлага буйг иргэн Цэгмид мэдэгдэж байгаа юм.
Төр засгийн нүдэн дээр бүхэл бүтэн орон нутаг сүйрч байгаа юм биш үү. Хоёр толгойтой хурга, ишиг гардаг нь энгийн үзэгдэл болоод зогсохгүй Говийн усанд уран алдсан гэх мэдээлэл байна. Төрийн бус байгууллагууд Ленины боть 12 зузаан дэвтэрт иргэдийн гомдол, харахаас сэжиг хүрэм малын сэг сэмийн зураг цуглуулсан байх юм.
“Голомт” төрийн бус байгууллагын судалгаагаар Дорноговь аймгийн малчин Ц.Доржсүрэнгийнд хоёр нүд сохор, атанга хөлтэй ботго, Х.Пүрэвдоржийнд хүн толгойтой хурга, Г.Ариунболдынд уруулгүй, хөлгүй ишиг, Х.Дашжамцынд толгойгүй хурга, Б.Батзоригийнд хүзүүгүй хурга, Ш.Балчиндоржийнд гурван хөлтэй хурга, Д.Мөнхсуурийнд үсгүй, шалдан хурга, Д.Хүүхэнмаамынд хавтгай толгойтой хурга гэх мэтээр бичиж авсан байх юм.
Нэн ноцтой нь ОХУ-ын хэвлэлд “Ураны мутацид орсон малын махыг авч болохгүй” гэсэн мэдээ мэдээлэл ихээр гарах болсон нь хөдөө аж ахуйн гол бизнес явахгүй гэдэг нь тодорхой юм. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ руу малын мах гаргах талаар олонтаа ярьдаг ч урантай, мутацид орсон гээд авахгүй нь бололтой.
Жил бүр 500 гаруй ургийн гажигтай төл гардаг ч Засгийн газраас “Уранаас болоогүй” гэсэн ганцхан тайлбар хийдэг. Ямар учраас энэ их хээл хаядаг, гажигтай, амьгүй төл гаргадаг вэ гэхээр хариулах хариултгүй болоод уджээ. Иргэний хөдөлгөөний нөхдүүд тайлбарлахдаа “Нэгдүгээрт Засгийн газар “Арева”-г буруутгавал асар их өрөнд орно гэж айдаг, хоёрдугаарт Ураны тусгай зөвшөөрөл дагасан асар их авлига илрэхээс айдаг, гуравдугаарт Ураны олборлох сонирхол дээр оросууд орж ирэхээс эмээдэг” гэсэн мэдээлэл өгч байгаа юм.
Сүүлийн 10 гаруй жил уранаар дагнасан тэмцэгч нар “Малчдын мал мутацид ордог байсан явдал хүн дээр ч ажиглагдах болсон. Гол алдаа юу вэ гэхээр Францууд газрын гүндэх усанд уран алдсан. Тэр нь судалгаагаар гардаг” хэмээн мэдэгдсэн юм. Уран олборлож буй уурхайн ойр орчмын айлууд дүрвэн нүүж мал ч үгүй, хүн ч үгүй улаан шороо хийссэн цөл болон хувирч байна. Эх орон дуусч буйг хараад эмгэнэн гашуудахаас өөр юу ч хийж чадахгүй амиа бодсон, авлигалд идэгдсэн төр засгийг хараахгүй би яах юм бэ.
С.Тэгш