Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хариуцсан сангийнхаа хөрөнгийг хамаа намаагүй олгож, авилга, ашиг сонирхлын зөрчилд илт хутгалдсан тухай баримтууд цахим орчинд гарах болсон юм. Тухайн баримтаас харахад ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өөрийн төрсөн ах Я.Эрдэнэ-Өлзийн хүүгийн эхнэр Б.Гансувдын эзэмшлийн “Ган ирээдүйн оргил” ХХК-аар 100 сая төгрөгийн зээлийг ахуй үйлчилгээ эрхлэхээр авсан нь төрийн мэдээлэл, лавлагаа бүртгэлээр баталгаажсан байдаг. Ах дүүсээ дэмжээд өгдөг юм аа гэхэд ард нь мөнөөх зээл зээл нь чанаргүй зээл болсон нь мөн баримтаар нотлогдожээ.
Гэтэл ганцхан ахынхаа бэрийг эрхлүүлээд зогссонгүй, ахиад цааш ашиг сонирхол, авилгын сүлжээ нь үргэлжилсэн тухай баримт ил болжээ.
Тодруулбал, Я.Эрдэнэсайханы алтан бэр болчихоод буй халаас нэгт Б.Гансувдын ээж Ж.Гантогоо нь “Далай цагаан нуур” ХХК-ийг эзэмшдэг байх ба тус компани дээр ахуй үйлчилгээний зориулалтаар ЖДҮ-ийн сангаас 100 сая төгрөг авсан байна. Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, зочид буудлын зориулалтаар ашиглаж байна. Тэд ингэж Сүхбаатар аймагт хөнгөлөлттэй зээлээр туйлж, танил талаараа аархаж байна. Үүний нотолгоо нь энэхүү ээж, охин хоёрын компанийг нэг онд нэгэн зэрэг шалгаруулаад зээл олгосон явдал юм. Төрсөн нутгийнх нь ард иргэд туйлдаа хүртэл ядуураад байхад төрөл садны хүмүүс нь төрийн сангаар туйлж байгааг эрх биш Я.Эрдэнэсайхан дарга мэдэхгүй гэж мэлзэлгүй ямар нэг тайлбар өгөх байлгүй дээ.
Сүхбаатар аймагт энэ ээж, охин 2-с өөр компанитай хүмүүс байдаггүй юмуу?
Энэ талаар Рийлньюс мэдээллийн сайтын сурвалжлагч ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас тодруулахад Я.Эрдэнэсайханыг улаан цээжээрээ хамгаалаад өнгөрчээ. Төрийн албыг ёс зүйтэй, шударга зарчмаар явуулах, тэр боломж нөхцөлийг нь хангах, шаардлагатай бол шалгаж, үнэн бол хариуцлага тооцох ёстой салбарын сайд нь тоохгүй, толгойг нь илээд байхаар Я.Эрдэнэсайхан мэтийн сангийн хөрөнгө дээр сандайлж суусан дарга нар садан төрлөөрөө найр хийх нь зүй ёсны асуудал биз ээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар Я.Эрдэнэсайхан нь хамаарал бүхий этгээдүүдийнхээ төслийг ангийн найз н.Нандинчимэгээр сонгон шалгаруулдаг аргатай гэнэ. Хуулиар биш хулгайгаар авчихсан зээл болохоор даргын бэр, бэрийн ээж авсан зээлээ төлөхгүй, өөр зүйлд ашиглаж болно гэсэн үг үү, Ц.Идэрбат сайд аа.










































Discussion about this post