“17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит кино энэ сарын 10 наас үзэгчдийн хүртээл болж буй. Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар тогложээ.
Тэгвэл тус киноны гол дүрд тоглосон Г.Ариана гоо сайхны талаар өөрийн дагагч нартайгаа хуваалцжээ. Тэрээр “Би өөрийн эмзэглэж явдаг зүйлийн талаар мэдээлэл хийж байна. Намайг охид бүсгүйчүүд тэнгэрийн амьтан сайхан эмэгтэй гэж битгий бодоорой. Би бол энгийн нэгэн эмэгтэй.
Энэ бичлэгийг ямар ч филтергүй, будаггүй царайгаараа хийж байна. Учир нь өсвөр насны охид худлаа үлгэр дуурайлал бүү аваасай. Инстграммын филтертэй зурганд автаж өөрсдийгөө битгий голоосой, байгаагаа хүлээн зөвшөөрөөсөй.
Би та нартаа худал үлгэр дуурайлал үзүүлэхийг хүссэнгүй. Би одоо 30 гарч байгаа миний үс захаасаа эхлээд бууралтаж байгаа. Байнга будуулаад хордуулаад байхыг хүсдэггүй. Хэдэн сарын дараа буддаг. Мөн миний нүүр маш эмзэг маш их юм гардаг. Би бас үрчлээ ихтэй. Нүүрэндээ ямар нэгэн зүйл хийлгэхийг хүсдэггүй.
Байгалиараа хөгширөхийг хүсдэг. Гоо сайхан гэдэг бол дотроосоо гардаг бий болдог зүйл гэдэгтэй 100 хувь итгэдэг. Том хөх, том бөгс, том уруул гоё гэж хэн хэлсэн юм. Мэс засал хийлгэж гоё сайхан болгох мөнгөөрөө толгойгоо цэнэглэж олон газар аялаж юм үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.”гэжээ.








































