Нийслэлд шатахууны худалдаа эрхлэгч 28 ААН-ийн агуулах, ШТС-уудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтыг ШӨХТГ, МХЕГ, НМХГ, ГЕГ, АМГТГ, АМГТГ-ын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Стандарт хэмжил зүйн газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо, хэмжил зүйн газар хамтран хийжээ.
Дүгнэлтээс дурдвал:
- Шинжилгээ хийсэн 32 дээжээс 13-т нь октаны тоо стандартад зааснаас бага эсхүл их тодорхойлогдсон. 10 ААН зөрчилтэй гарсан.
- Долоон дээжид механик хольц тодорхойлогдсон. Зургаан ААН зөрчилтэй гарсан.
- Есөн ААН-ийн АИ-92 бензиний октаны хэмжээ бага байсан.
- Дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага байсан зөрчлүүд илэрсэн
Автобензин
Автобензиний 32 дээжийн 13 дээжид октаны тоо стандартад зааснаас их эсвэл бага байгаа нь илэрчээ. Энэ компаниудад Жаст-Ойл, Монсуль, Петростар, Магнайтрейд, Синчи-Ойл, Лекс-Ойл, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд, Петрочайн ХХК гэсэн 10 ААН зөрчилтэй гарсан байна.
Долоон дээжид механик хольц тодорхойлогджээ. Энэ нь мөн стандартын шаардлага хангахгүй байгаа аж. Үүнд, Монсуль, Петростар, Тэс петролиум, М-ойл, Шунхлай трейд, Лекс-Ойл ХХК гэсэн зургаан ААН орж байна.
Механик хольц нь тунадас, шороо, зэв байж болно. Механик хольц нь автомашины хөдөлгүүр амархан эвдрэх нөхцлийг бүрдүүлдэг байна. CLICK TO TWEET
Мөн долоон шатахуун түгээх станц зөрчилтэй гарчээ. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Магнайтрейд, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Петрочайн, Петростар ХХК орж байна.
Түүнчлэн найман агуулахад зөрчил илэрчээ. Монсуль, Петростар, Магнайтрейд, Синчи-Ойл, Лекс-Ойл, Шунхлай Трейд, М-ойл, Тэс петролиум ХХК орж байна. Магнай трейд ХХК-ийн вагоноос авсан дээжид зөрчил илэрсэн.
Дизель түлш
Нийт 42 дээжээс 35 дээж нь стандартын шаардлага хангаагүй байна. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Петростар, Тэс петролиум, Магнайтрейд, Сод монгол, Нью Энержи стар, Синчи-Ойл, Газ-ойл нефть, Лекс-Ойл, Наран петролиум, Велком, Шижир-Ойл, М-Ойл, Номин-Ойл, Ундарга Увс, Петрохон, Эм пи Петролиум, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд ХХК гэсэн 22 ААН байна.
Мөн 39 дээжид дизелийн түлшний хувийн жин цельсийн 20 градуст мкуб-д ногдох 840-860 кг-аас ихгүй байхаар тогтоосон байдаг ба шинжилгээгээр бага гарчээ. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Петростар, Тэс петролиум, Магнайтрейд, Сод монгол, Нью Энержи стар, Синчи-Ойл, Газ-ойл нефть, Лекс-Ойл, Наран петролиум, Велком, Шижир-Ойл, М-Ойл, Номин-Ойл, Тод петролиум, Ундарга Увс, Петрохон, Эм пи Петролиум, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд, Ай си ай си гэсэн ХХК-иуд орж байна.
М-Ойл, Шунхлай трейд ХХК-ийн цитоны индекс 46-аас бага гарсан нь стандарт хангаагүй байна. Тэс петролиум, Эм пи Петролиум, Петростар, Велком ХХК-ийн дээжид агуулахын зөрчил илэрчээ. Гурван дээжид дизелийн түлшний хүчиллэг чанарын зөрчил илэрчээ. Үүнд, Петростар, М-Ойл, Шунхлай трейд ХХК орж байна.
Зөрчилтэй ААН-үүдэд Зөрчлийн тухай хуулийн 12 дахь зүйлийн тавд заасны дагуу 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу есөн сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.