Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хуулийн хугацаа буюу тав хоногт багтаан УИХ-д оруулна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Өнгөрсөн баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хуульд зааснаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бөгөөд хуулийн хугацаандаа багтаж саналыг оруулах юм байна.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулахаар товложээ. Эрүүл мэндийн салбарт гарсан хариуцлагагүй явдлын улмаас У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр огцорсон. Цар тахлын үед шинэ Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг шуурхайлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар сануулж байв.