Цар тахал дэлхий дахинд тархаж эхлээд бүтэн жилийн нүүр үзэж байна. Манай оронд халдварын сургаар нь хөл хорио тогтоож, арван сар дэглэм барьсан ч эцсийн мөчид коронавирус хурдацтай тархаж эхэлсэн. Үүнээс үүдэн улс даяар хөл хорио тогтоож, хилээ хүртэл хаагаад хоёр сар өнгөрөв. Энэ хугацаанд хил, гаалиар нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүнүүд тодорхой хяналт, шалгалтаар орж ирж буй.
Харин хяналт, шалгалт хийж буй Гаалийн Ерөнхий газрынхан өнгөрөгч оны есдүгээр сард 165 сая төгрөгийн зангиа худалдаж авчээ. Тухайн үед хөл хорио тогтоогоогүй байсан ч онцгой байдлын дэглэмтэй хэвээр байсан. Иймд Засгийн газраас улс оронд халдвар тархахаас үүдэн зорилтот бүлэгт нийцсэн халамжийн бодлого хэрэгжүүлэхээс өөрөөр төрийн байгууллагуудыг хэрэглээгээ танаж, үргүй зардлаа багасгахыг үүрэг болгосон байдаг. Гэвч холбогдох байгууллагууд нь үүргээ биелүүлэхгүй, илүү зардал гаргаж сууна. 









































