Засгийн газраас айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний ачаалал нэмэгдэж, иргэдийг цахилгаанаа хэмнэхийг албаныхан уриалж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн албан өрөөнийхөө цахилгаан халаагуурыг салгаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээж байна гэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ярихдаа “Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэрийг би зөв зүйтэй алхам боллоо гэж үзэж байна. Ард түмэн ч баяртай байгаагаа илэрхийлсэн. Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ хэмнэе гэсэн уриалга сошиал сүлжээгээр явж байна.
Үүнийг ч гэсэн УИХ-ын гишүүд бид өөрсдөө дэмжих ёстой. Өнөөдөр эрчим хүчний салбарын боломж ямар байгаа билээ. Бодлогоор дэмжих ёстой. Төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс энэ уриалгад нэгдэж, манлайлал үзүүлэх ёстой.
Саяхан Ерөнхий сайдын өрөөнд албан ажлаар орсон чинь эх оронч сэтгэлээр эрчим хүчээ хэмнэнэ гэчихсэн ажлын арын өрөөний нэмэлт халаагуураа салгаад байж байна билээ. Өрөө нь нэлээд хүйтэн, жаахан суусан чинь жиндэх маягтай байсан. Ерөнхий сайд маань тийм л өрөөнд сууж байна” гэлээ.









































